Бангкок: Баригдсан этгээдийг гадаадын иргэн гэв

“The Erawan” бунхны дэргэд болсон халдлагатай холбогдуулан Бангкок хотын гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн албан хаагчид өнгөрсөн амралтын өдөр нэгэн захын хорооллоос гэртээ галт зэвсэг, тэсрэх бодис зэргийг нууж байсан 28 настай эрийг баривчилж, мэдүүлэг авч эхэлсэн билээ. Тэгвэл баригдсан залууг Тайландын иргэн бус Туркийн иргэн хэмээн тус улсын цэргийн генерал Удомдеж Ситабутр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Удомдеж Ситабутр “Гэмт этгээдийн нууц нэрийг Нонг Жок гэдэг бол жинхэнэ нэрийг нь Адем Карада гэдэг. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас Бангкокт суурьших болсон. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан. Мөрдлөгийн явцад тэрбээр Тайландад ирснийхээ дараа нэгэн гэмт бүлэглэлд элссэн болохыг тогтоосон” гэж хэлжээ. Гэхдээ Жокийг халдлага үйлдсэн шар футболктой эр биш гэдгийг цагдаагийн газраас мэдэгдээд байгаа. Шар футболктой эр халдлагын дараа алга болсон юм. Харин Жок халдлагын дараахан бунхны ойролцоо явж байхдаа хяналтын камерт бичигдсэн байна.
Ерөнхий сайд Прают Чан-Оча халдлагын гол сэжигтэн гэгдэж буй шар футболктой эртэй холбоотой үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд 3.4 сая ам.доллар өгөхөө амлажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ