Ерөнхийлөгч сурагчдад зөв хүн байхыг сургамжлав

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2015-2016 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр долоо дахь удаагаа теле хичээл заалаа.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр буюу Эрдмийн баяраар Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад уламжлал болгон хичээл зааж ирсэн юм.

 

Уг хичээлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн Баянгол  дүүргийн “Монгени” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн Химийн гүнзгийрүүлсэн сургалттай 33-р сургууль болон нийслэлийн 45-р сургуулийн сурагчид анги даасан багш нарынхаа хамт оролцлоо.  

 

Хичээлийн шинэ жилийн анхны хонх дуугарсны дараа хөтлөгч сурагчдад хандан хичээл эхэлж байгааг анхааруулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг студид урилаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч сурагчидтай мэндчилсний дараа Төрийн дуулал эгшиглэж, Эрдмийн баяр, хичээлийн шинэ жилийн эхний цагийн хичээл эхэллээ.

Энэ жилийн хичээлийн сэдвээр “Санаа зөв бол заяа зөв” гэсэн сэдэв сонгосон юм. Энэ тухай эрхэм Ерөнхийлөгч ярихдаа "Манай нийгэмд сөрөг сэтгэлгээ давамгайлсан байдалтай харагдаад байгаа. Энэ сөрөг сэтгэлгээг яавал эерэг сайн сэтгэлгээ болгож хувиргах вэ гэсэн бодол надад төрдөг. Тэгэхээр нийгмээ сайхан болгохын тулд хүмүүсийнхээ сэтгэлийг сайхан болгох ёстой. Үүний тулд хүн бүр дотроо сайхан зүйлийг мөрөөдөж, сайн зүйл хийхийг хүсч, сайн зүйлд тэмүүлэх юм бол манай нийгэм тэр чигээрээ сайхан болох учиртай.

 

“Хүн бодсон зүйлээ хардаг” гэж үг байдаг. Аливаа хүн бодсоноо хийдэг. Тийм биз? Тийм учраас хүний бодол санаа хамгийн чухал юм. Энэ нийгмийн бүх зүйлийн цаана хүний бодол, хүсэл эрмэлзлэл, мөрөөдөл байдаг. Тийм учраас аль болох гэгээн зүйл бодож, сайн зүйлийн төлөө тэмүүлж байгаа хүнтэй нийгэм их зүйлийг бүтээдэг.

 

“Хүнд аз жаргал бэлэглэе гэвэл эхлээд өөрөө аз жаргалтай байх хэрэгтэй” гэж ярьдаг. Өөрөө уйтгар гунигтай, өөрөө муу зүйл бодсон хүн бусдад аз жаргал бэлэглэж чадахгүй. Тэгэхээр сэтгэлгээний энэ өөрчлөлтийг олгодог гол газар бол сургууль юм. Сургууль дээрээ энэ бүхнийг ярилцаж, үүнд анхаарал хандуулдаг байвал нийгэмд эерэг сэтгэлгээ төлөвших юм" хэмээн хэлэв.

 

Мөн тэрбээр хичээлийнхээ үеэр сурагчдад хандан "Би долоо дахь жилдээ хичээлийн шинэ жилийн нээлтийн теле хичээлийг зааж байгаа. Өмнөх хичээлийн сэдвүүдийг та нар санаж байгаа байх. Хүүхдүүд та бүхэн дэлхийд нэр хүндтэй сайн сургуульд орохыг мөрөөдөж байгаа. Билгүүн энэ номыг орчуулж байхдаа Харвардад суралцана гэж огт бодоогүй байсан гэсэн. Та бүхэн бүгдээрээ “Харри Поттер” гэж кино үзсэн байх. Энэ номыг яагаад монгол хэл дээр орчуулаагүй юм бэ гээд л орчуулж эхэлсэн байна. Билгүүн өөрөө англи хэлийг сайн мэдэхгүй байж хичээгээд орчуулаад хийсэн вебсайтдаа тавиад олон хүүхдүүдэд номоо хүргэсэн байна шүү дээ.

 

Тэгээд тэр мундаг сургууль, Билгүүнийг зүтгэлтэй хүүхэд байна, манай сургуульд сурах нь зөв юм байна гэж үзээд хүүгээс ярилцлага аваад элсүүлсэн байна. Энэ бүхнээс та нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сургуульд сурч, онцсайн дүн авна гэдэг маш сайн зүйл. Гэхдээ энэ бүхний хажуугаар тухайн хүүхдийг сургуульд авахдаа чухам ямар зан ааштай, суртахуунтай, хүсэл тэмүүлэлтэй юм гэдгийг онцгой харгалзан үздэг. Энэ хүүхдийг сургаад төгсгөвөл ямар хүн гарах вэ, сайн  үр дүн гарах уу гэдгийг анхаардаг. Дүнгээс гадна хамгийн гол нь хүн гэдэг талаас нь  хардаг байх нь.

 

Тэгэхээр бүгдээрээ нэг томьёо бодъё. Юуны түрүүнд сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй юм байна, тэгээд сайн зорилготой байх хэрэгтэй, энэ зорилгоос үүдээд амжилт гардаг байх нь. Сайн амжилтад хүрэхийн тулд сайхан сэтгэлтэй бай. Сайхан сэтгэлтэй, сайн зорилготой байх нь сайн амжилт, сайн үр дүн авчирдаг. Томьёолвол, Сайхан сэтгэл нэмэх нь сайн ажил тэнцүү сайн үр дүн.

 

Тэгэхээр аливаа хүн үнэхээр амжилтад хүрье гэвэл сайхан санаатай байх хэрэгтэй. Санаа гэдэг нь хийсвэр зүйл биш сайхан зорилго, сайн сэдэл гэсэн үг, сайн юм хийе гэсэн бодол юм. Түрүүн ярьсан компьютер тоглоом, бага ангийн хүүхдүүдэд давтлага өгсөн гэх мэт сайхан санаа агуулсан жишээнүүдийг та бүхэн хэллээ. Сургууль дээрээ энэ сайхан үйлсээ дэлгэрүүлэх хэрэгтэй.

 

Би ийм зовлонтой, аз жаргалгүй байна, ийм хүндрэл тохиолдлоо гээд бодоод байх тусам энэ бүх муу эрчим хүч, энерги хуримтлагдаж эргээд өвчин болдог. Үүнийг анагаах ухаан нотолчихсон. Та нар ч гэсэн зөвхөн сайн сайхан зүйл бодвол эрүүл саруул байна. Энергийн урсгал чинь жигд байна. Харин аливаа муу бүхнийг бодоод, хүнд муу санаад  явбал өвчин тусна.

 

Тэгэхээр хүний амжилтад хүрэх хамгийн гол нууц бол хүний санаа бодол, хүний тархи байх нь байна шүү дээ. Аливаа сайн сайхныг бодож байгаа тархи ургаж төлжиж байдаг. Муу зүйл боддог тархи үхжиж байдаг.

 

Ер нь аливаа хүн сайн сайхан зүйл бодож байх хэрэгтэй. Муу санаа халдвартай байдаг. Хүн төрөлхтөн яагаад муу санааг болохгүй гэж үздэг юм? Учир нь халдварладаг учраас тэр шүү дээ. Сөрөг сэтгэлгээ хүнийг мохоодог. Энэ аягатай усан дээр жишээ авъя.

 

 

Хүн сайнаар бодвол энэ усыг рашаан гэж бодож ууна. Тэгээд тэр ус биед нь рашаан мэт шингэнэ. Харин муугаар бодвол энэ усыг дундуур байна, муу байна гэж бодно. Муу бодол хүнд шунал төрүүлдэг. Харин сайн бодолтой хүн цөлд төөрсөн ч эцсийн балга усаа найздаа өгдөг. Эгч дүү хоёр хөдөө хээр шуурганд туугдаж яваад амь насаа алдах болоод ирэхэд эгч нь дүүдээ хамаг хувцсаа өгөөд дүүгийнхээ амийг аварсан тохиолдол гарсан. Эгч нь өөрийнхөө амь насыг золиослон дүүгийнхээ амийг аварсан гэсэн үг. 

 

Монгол Улс, миний эх оронд сайн зүйл нь илүү олон байгаасай, сайн санаатай хүмүүс, сайн бодолтой хүмүүс, сайн үйл хийдэг хүмүүс улам олон болоосой гэж ерөөе" гэв.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nyra:
I want the world to know a great man that is well known as Dr. Zabaza ,he has the perfect solution to relationship issues and marriage problems. The main reason why I went to Dr. Zabaza was for solution on how i can get my husband back because in recent times I have read some testimonies on the internet which some people has written about Dr. Zabaza and I was so pleased and I decided to seek for assistance from him on his Email ( drzabazaspellhome@gmail.com ) Which he did a perfect job by casting a spell on my husband which made him to come back to me and beg for forgiveness. I will no stop publishing his name on the net because of the good work he is doing. I will drop his contact for the usefulness of those that needs his help. His Email is DRZABAZASPELLHOME@GMAIL.COM You can contact him today and get your problem solved. Call/WhatsApp number: +1 (548) 457-0555 https://drogunzabazaspellherbalhome.wordpress.com
2023-02-18
Зочин:
ta uuruu zuv hun mun uu
2015-09-02
Зkkkkkkkkkkkkkkочин:
ard tumten sain uil hiij bgaa. darga nar l yu bol ideed l
2015-09-01
kkkkkkkkkkk:
huidalch hun hicheel zaahaar huuhed hudalch boloh baih daa
2015-09-01