Ил болгосон хөрөнгийг гэмт хэргийн баримт болгохгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. УИХ-ын ээлжит бус чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан. Үүнтэй холбогдогдуулан хуулийг хэрэгжүүлэх журмыг хуралдаанаар баталсан юм. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэрэгжүүлэх журмыг баталлаа. Энэ хуулийг улстөрчид болоод эдийн засагчид нийгэмд гол ач холбогдолтой хууль гэж үзэж байгаа. Эдийн засгийн салбарт өөрийнхөө орлогыг тодорхой хэмжээгээр нуун дарагдуулсан, бусдын нэр дээр бүртгүүлсэн, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй адилтгах орлогыг ил болгох зорилготой. Үйл ажиллагаагаа нуун дарагдуулсан байсныг сайн дурын үндсэн дээр үнэн зөв шударгаар ил тод болгож, санхүү татварын байгууллагуудын нийгмийн даатгалд мэдээлэх, гаальд нөхөн бүрдүүлэлт хийх, шинээр бүртгүүлсэн тохиолдолд тухайн хэрэгт холбогдох хуулиас нэг удаад арга хэмжээ авахгүй байхаар заасан. Далд эдийн засгаас сэргийлж, эдийн ил тод байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор энэ хуулийг гаргасан байгаа. Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх журмыг батлан гаргах ёстой.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд иргэд, байгууллагуудад тодорхой хэмжээгээр сурталчлан таниулна. Төрийн байгууллагууд нэг мөр хуулийг ойлгож, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах нь чухал. Нуун дарагдуулсан эд хөрөнгийг ил болгосон тохиолдолд улсын бүртгэлд хэрхэн бүртгэх, нууцлалыг хэрхэн хангах талаар журамд тусгаж өгсөн. Хуулийг хэрэгжүүлэхдээ тусгай сургалтад сууж, нууцын баталгаа гаргаж өгсөн ажилтанг томилж ажиллуулахаар журамд тусгасан.
Нуун дарагдуулсан хөрөнгөө ил болгосон тохиолдолд уг асуудлыг гэмт хэргийн баримт болгож ашиглахгүй, нууцыг бүртгэж авсан ажилтанг хэрэгт татан оролцуулахгүй, мөрдөх үйл ажиллагаа явуулахгүй байх зэрэг хамгаалалтын хэсгийг журамд тусгасан. Хуулийг богино хугацаанд үр ашигтай, хурдтай явуулах үүднээс цахим бүртгэлээр хэрэгжүүлнэ. Ямар нэг цаг харгалзахгүйгээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний 24 цаг хүртэл хуулийн үйлчлэх хүрээ явагдана. Хуулийн этгээдүүд энэ хуульд хамрагдахын тулд цаг хугацаа харгалзахгүй оролцож болно гэсэн үг.
Цахим бүртгэлд хамрагдах нөхцөл, бололцоо муутай нөхцөлд цаасаар тайлангаа ирүүлэхийг журамд нэмж тусгасан. Хуулийн хэрэгжилтэд Хуульзүйн яам, ХАХНХХЯ, Сангийн яам болон ГЕГ, ТЕГ, УБЕГ, НДЕГ тус тус хяналт тавьж ажиллах юм гэлээ.
Түүнийг мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
-Энэ хуульд хичнээн хуулийн этгээд хамрагдах бол?
-Хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болсны дараагаар мэдээлнэ. Энэ хууль 2015 оны 12 сарын 31 хүртэл үйлчилнэ.
-Хуралдаанаар дэд сайдын томилгоо явагдсан болов уу?
-Дэд сайдуудын томилгоо явагдаагүй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ