С.Бямбацогт сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг гардуулав

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нийслэлийн Сүхбаатар дүүргийн тусгай сургалттай 29 дүгээр дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов.
Улсын хэмжээнд ердөө ганцхан байдаг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн уг сургуульд одоогийн байдлаар 315 хүүхэд суралцаж байгаа юм байна. Харин энэ хичээлийн жилд 21 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ. Нэгдүгээр ангид элссэн нутаг нутгийн хүүхэд багачуудад УИХ-ын гишүүн С.Бямбацогт гарын бэлэг, хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн байна.
Тэрээр хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг байгуулна гэж заасан байдаг. Хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй, хүн бүр ижил тэгш эрхтэй сурч хөгжих боломжоор хангагдах нь хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулах үндэс нь билээ. Зургаан настай энгийн хүүхэд сургуульд сурахад хичээл зүтгэл их шаарддаг. Тэгвэл сонсголын бэрхшээлтэй зургаан настай хүүхэд сурахын тулд өөрөөс нь болон багш, эцэг эхчүүдээс бүр ч их хичээл зүтгэл, хүчин чармайлт шаардана. Иймд та бүхэн минь хичээгээрэй гэж захья. Онц сайн сурч улс эх орон, ээж аавдаа тустай сайн хүн болоорой. Хүн бүр ижил тэгш эрхтэйгээр сурч хөгжих боломжийг хангахын төлөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө би үргэлж хичээж ажиллах болно” хэмээн онцолжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ