ӨМӨЗО-той хамтран хайгуул, олборлолт хийнэ

img

 Эрдэс Баялгийн Групп орлогч захирал, Hao Sheng Fa, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал С.Цэлмэг нар

 

“Эрдэнэс Монгол” ХХК болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Эрдэс баялгийн групп” хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг санамж бичигт ӨМӨЗО-ны Эрдэс баялгийн группын орлогч захирал, Hao Sheng Fa, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал С.Цэлмэг нар гарын үсэг зурсан юм.

 

Санамж бичгийг эрдэс  баялаг, байгалийн нөөц газарт хамтарсан хайгуул, судалгааны ажил хийх, ашигт малтмалын орд газруудыг түшиглэн дэд бүтцийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нэмүү  өртөг  шингэсэн  бүтээгдэхүүн  үйлдвэрлэх  төсөл  боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулаад байгаа юм байна.

 

Хамтын  ажиллагааны  хүрээнд  уул уурхай болон боловсруулах үйлдвэрлэлийн  салбарт шинэ төсөл хөтөлбөр санаачлах,  тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлэх, хоёр талын мэргэжилтнүүдийг чадваржуулах сургалт, семинар зохион байгуулах, харилцан туршлага хуваалцах зэрэг ажлуудыг хийх юм.

 

Санамж бичигт гарын үсэг зурсны дараа ӨМӨЗО-ны Эрдэс баялгийн группын орлогч захирал Hao Sheng Fa “Өнөөдөр манай хоёр орны төрийн өмчит компаниуд хамтын ажиллагаанд гарын үсэг зураад байна. Санамж бичгийн хүрээнд бодит ажил хийх болно. Тухайлбал, өнгөт метал, нүүрс зэрэг бодит ажлын гүйцэтгэлийг хамтдаа хийх гэж уг санамж бичигт гарын үсгээ зураад байна. Бодит ажлын гүйцэтгэл гэдэг маань эрдэс баялаг, байгалийн нөөц газарт хамтарсан хайгуул, судалгааны ажил хийх, ашигт малтмалын орд газруудыг түшиглэн дэд бүтцийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл боловсруулах зэрэг цогц ажил юм. Уг цогц ажил маань амжилттай болбол цаашид хоёр улсын геологийн мэргэжилтний туршлагыг солилцуулж, энэ чиглэлээр ажиллах хүмүүст сургалт явуулах байр суурьтай байна” гэв.

 

Санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компани ямар хүлээлттэй байгаа талаар тус компанийн дэд захирал С.Цэлмэгээс тодрууллаа.

 

- Санамж бичгийн хүрээнд манай зүгээс ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-2014 онд БНХАУ-ын дарга манай улсад айлчилсан. Энэ айлчлалын үеэр хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлыг хэлэлцсэн байдаг. Тэр дундаа уул уурхайн салбарын хөгжлийн асуудлыг онцлон тэмдэглэсэн байдаг. Үүний дараа ӨМӨЗО-ны Эрдэс баялгийн группын зүгээс уул уурхайн салбарт хамтын ажиллагаа эхлүүлэх саналтай байгаагаа уламжилсан. Уг саналын дараа хоёр тал албан айлчлалуудыг хийгээд, цаашид хамтын ажиллагааны чиглэл, хандлага ямар байхыг хоёр талаас тодорхойлсон байгаа. Харин өнөөдөр хамтын ажиллагаа маань албан ёсоор эхэлж, санамж бичиг байгууллаа.

 

Санамж бичгийн гол агуулга нь байгалийн нөөц газарт хамтарсан хайгуул, судалгааны ажил хийх, цаашлаад олборлох баяжуулах, үйлдвэрлэх, нэмүү өртөг шингээх зэрэг ажилд хамтран төсөл хөтөлбөр хийж ажиллахаар болоод байна. Үүнээс гадна уул уурхай дагасан дэд бүтцийг хамтран хэрэгжүүлэх, “Эрдэнэс Монгол” компанийн хийхээр төлөвлөж байсан ажлууд дээр хөрөнгө оруулалт хийх зэрэгт хамтран ажиллах болно.

 

Та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүн БНХАУ руу гардаг. Энэ утгаараа манай салбар нэг улсын зах зээлээс хамаардаг эмзэг салбар. Тийм учраас Хятад улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь нэн чухал асуудал болоод байгаа юм.

 

-Санамж бичгийн хүрээнд хийх ажлуудаас манай тал ямар хүлээлттэй байгаа вэ?

-Одоогийн байдлаар манай улсад 16 стратегийн орд бий. Үүнээс Төрийн мэдэлд 4-5 орд бий. Бусад ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал. Эдгээр орд дээр хамтарч ажиллах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ахиц гарна гэж үзэж байна. Мөн стратегийн ордуудаас гадна өөр шинэ ордыг илрүүлэхэд хамтран ажиллах юм.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Tseegii good
2015-09-06