Өршөөл өнөөдрөөс үйлчилж эхэлнэ

img

 

 

Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан этгээдэд өнөөдрөөс Өршөөлийн тухай хууль үйлчилнэ.

 

УИХ-аар Өршөөлийн тухай хууль батлагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавиад багагүй хугацаа өнгөрч байна. Хэдийгээр уг хуулийн зарим хэсэгт Ерөнхийлөгч хориг тавьсан ч хоригийг УИХ-аар хэлэлцсний дараа хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хуулийн байгууллагууд хангаад явж байгаа аж.

 

Өчигдөр ШШГЕГ-ын дэд дарга хурандаа Г.Туулхүү албан ёсны мэдээлэл өглөө. Тэрбээр “Өршөөлийн хуулийн ажлын хэсгийн комисс хуралдаж, Өршөөлийн тухай хуулийн хориг тавьснаас бусад заалт нь хэрэгжээд явж байх ёстой гэж үзэн, хуулийн байгууллагуудад ийм чиглэл өгч ажиллахаар боллоо.

 

Жишээлбэл, цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихсан 82 мянга орчим хүн байна. Тэнсэнгийн ялтай сургуульдаа явах гэсэн ч гэрээсээ гарч чадахгүй байгаа хүн байна. Ерөнхийлөгчийн хоригт ороогүй зүйлүүд бол хэлэлцэгдэж, хийгдээд явах ёстой. Угаас хуульд Өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэлд өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ. Ялгүй болох хугацаа, тэнсэн харгалзсан хүний үлдсэн хугацаа, хорих ангиас тэнсэн суллагдсан хүний эдлээгүй үлдсэн ялыг тэнссэн хугацаа болон бага насны хүүхэдтэй, жирэмсэн гэх шалтгаанаар ял хойшлогдсон эмэгтэйчүүдийн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох зэрэг нь хоригт хамаарахгүй. Нэгэнт хүчин төгөлдөр болчихсон хууль учраас хэрэгжүүлээд цаашаа явах чиглэл өглөө.

 

Эдгээрт хамаарч байгаа хүмүүс өнөөдөр харьяа дүүргийн цагдаагийн байгууллагадаа очиход хувийн хэрэг дээрх тэмдэглэл хөтлөгдөж, Өршөөлийн хуульд хамрагдана. Чөлөөтэй гэсэн үг” гэж мэдээллээ.

 

УИХ, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүйгээр Өршөөлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн тохиолдолд ял эдэлж буй 1700 орчим хүмүүжигч суллагдах аж. Тэднээс 730 орчим хүн хорих байгууллагаас бүрэн суллагдахыг тооцоолжээ. Мөн 970 орчим хүний хорих ялаас хоёр жил хасагдаж суллагдах юм байна. Харин 770 орчим хүмүүжигчийн хорих ялаас хоёр жил хасагдаж, үлдсэн хугацааны ялыг хорих ангидаа эдэлнэ.

 

Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авбал 1700 хүнээс 161 нь хасагдах буюу өршөөлд хамрагдаж чадахгүй гэнэ. Тэгвэл 4200 орчим хүнд энэ хууль үйлчлэхгүй нь. Учир нь эдгээр хүн хориглосон заалтуудаар ял эдэлж буй юм байна.

 

Ерөнхийлөгчийн хоригтоо 181.3, 147.2, 96.1, 96.2 зүйл ангиудиар ял эдэлж байгаа хүмүүжигчдийн ялаас тодорхой хугацааг хасах нь зүйтэй гэж үзсэн. Үүний дагуу тооцвол ял эдэлж байгаа 1700 орчим хүнээс хоёр жилийн хорих ял хасагдана гэсэн урьдчилсан тооцоо гарч байгааг ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү хэлсэн.

 

Түүнчлэн УИХ-аар Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсний дараа ял эдэлж байгаа хүмүүсийн суллагдан гарах асуудал, өршөөлд хамрагдсан тохиолдолд тэднийг орон нутагт нь хэрхэн хүргэхийг хэлэлцэж, зардлыг тооцоолон Хууль зүйн сайдад танилцуулжээ. Уг асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм байна.

 

Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Өршөөгдсөн хүмүүст зориулах зардлын мөнгөн дүн тодорхой гарсан уу?

-Одоогоор хэдэн хүн суллагдах нь тодорхойгүй байгаа учир мөнгөн дүн тодорхой гарах боломжгүй.

 

-Ял эдэлж байгаа хүн бүрт хориг хамаатай биз дээ?

-Хоригт хамаарахгүй ял эдэлж байгаа хүн гэж байхгүй. Яагаад гэвэл 4.1 гэдэг заалтад чинь энэ хуулийн 5.1, 9.1-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ гэчихсэн байгаа. Энэ зүйл дээр Ерөнхийлөгч хориг тавьчихсан.

 

-Өршөөлийн хуулиар суллагдаж байгаа иргэдийн нэрс гарсан гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Өршөөлийн хуулиар суллагдах ялтны нэрсүүд гарна гэж байхгүй. Худал мэдээлэл байна.

 

Б.Буд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Хэдэн сарын хэднээс эхлэн өршөөгдсөнөө яаж мэдэх вэ
2015-09-05
zochin:
Ard tymnee bygdii n shorond bailgax xyseltei erunxiilugch ogtsorvol taarna.bas tiim xyseltei MAN tarval taarna
2015-09-04
Ard daatgal:
Mongolchuudaa Ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-09-03
Зочин:
ТА НАР БҮР АМАР ЮМ БОЛЖ БАЙНААА ДАА. ХУУЛЬ ХЭСЭГЧИЛЖ ҮЙЛЧЛЭХ ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙДАГГҮЙ ЗҮЙЛ
2015-09-03