Порошенко жүжиглэхээ боль

Украины хууль тогтоогчид салан тусгаарлагчдын хяналтад байгаа бүс нутгуудад илүү эрх мэдэл олгох шинэчлэлтийг Украины Үндсэн хуульд оруулах эсэхийг хэлэлцснээс болж Киев хотноо олон мянган хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. “Свобода” намын дэмжигч 33 настай эрэгтэй парламентын ордны өмнөх талбай руу тэсрэх бөмбөг шидснээс болж нэг хүн амиа алджээ.
Тэгвэл Донецк мужид хяналтаа тогтоож, Бүгд Найрамдах улсыг байгуулаад буй салан тусгаарлагч Александр Захарченко “Donetsk News” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Украины Ерөнхийлөгч Петр Порошенког жүжиглэхээ боль” гэж хэлсэн тухай “TASS” агентлаг уламжлав.
Тэрбээр “Порошенко өөрийн дүрмээр тоглохыг хүсч байна. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө парламентад хэлэлцсэн илүү эрх мэдэл олгох шинэчлэлтийг өөрөө санаачилж, зүүн хязгаарыг цэргийн хүчээр эргүүлэн авахаар төлөвлөж байна. Энэ хуулийг Порошенко санаачилсан. Порошенко биднээс айсан бус Минскийн гэрээнээс болж салан тусгаарлагчдад халдаж чадахгүй байгаа юм. Үнэнийг хэлэхэд тэрбээр цэргийн хүчээр салан тусгаарлагчдад алдсан бүс нутгаа эргүүлэн авахыг хүссэн ч олон улсаас эмээж байна. Порошенко одоо жинхэнэ төрхөө харуулж, жүжиглэхээ болих хэрэгтэй. Бид өнөөдрийг хүртэл Минскийн гэрээний дагуу галт зэвсгээсээ татгалзсан хэвээр байгаа” гэж хэлжээ.
Үндсэн хуульд оруулахаар зэхэж буй хуулийн төслийг урьдчилсан байдлаар 450 гишүүний 265 нь дэмжсэн байна. Ирэх арванхоёрдугаар сард эцсийн санал хураалтыг явуулахаар болжээ. Парламентын нийт гишүүний 300-аас дээш нь энэхүү хуулийг дэмжвэл, салан тусгаарлагчдын хяналтад байгаа бүс нутгууд шинэ хууль хэрэгжиж эхлэх юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ