250 айлын газрыг чөлөөлж, иргэдийг нь гудамжинд гаргаагүй

img

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд XII хорооны нутаг дэвсгэрт 1200 айлын “Түмэн амгалан” цогцолбор хорооллыг барих эрхийг авсан "Гранд лайн” ХХК-иас өнөөдөр мэдээлэл хийлээ. Сүүлийн үед тус компанийн хэрэгжүүлж байгаа төслийн талаар үндэслэлгүй, ташаа мэдээлэл хэвлэл мэдээллээр тарсантай тул албан ёсны тайлбар хийхээр ирсэн гэдгээ тэд энэ үеэр мэдэгдсэн юм.

 

Хэвлэлийн бага хуралд “Гранд лайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мөнхжин, менежер Т.Энхболд, тус компанийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Түмэн Амгалан” төслийн иргэдийн түр зөвлөлийн дарга Б.Батдорж болон түр зөвлөлийн гишүүд оролцов.

 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр  “Грандлайн” ХХК 250 айлын газрыг чөлөөлж, иргэдийг орох оронгүй, гудамжинд гаргаж  хохироож байна хэмээн илтэд ташаа мэдээлж байна. Бид өнөөдрийн байдлаар нийтдээ 40 айлын 3.6 орчим га талбайг л чөлөөлсөн. Газраа чөлөөлсөн  40 айл өрхөөс нэг нь ч гомдол гаргаагүй, иргэдэд нөхөн олговорыг нь өгч байгаа.

 

Эхний ээлжийн орон сууц баригдаж, ашиглалтанд ортол компанийн зүгээс сар бүр тухайн өрхөд орон сууц түрээслэх төлбөр болох дундажаар 550-750 мянган төгрөгийг зургаа, зургаан сараар нь олгож байна. Бидний үйл ажиллагаанд хяналт тавихаар газар чөлөөлсөн иргэд дундаасаа “Түр зөвлөл” байгуулж,хяналт тавьж хамтарч ажиллаж байгаа хэмээн “Гранд лайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мөнхжин онцоллоо.

 

Мөн  хамтран төсөл хэрэгжүүлсэн  Туркийн талд их хэмжээний хохирол учруулж, байгуулсан гэрээгээ зөрчсөн талаарх мэдээллийн талаар тайлбар өгсөн. Тэрбээр хэлэхдээ “Туркийн барилга угсралтын шинэлэг технологийг эх орондоо нэвтрүүлэхээр 2013 оны 12-р сард  тус улсын  “216 Япи үрэти худалдаа” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

 

Ингэхдээ гэр хорооллын  дахин төлөвлөлтийн төслийн эрхийг эзэмшиж байгаа “Грандлайн” компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлж,  төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг 50, 50 хувиар гаргана, санхүүжилтийг мөнгөн хэлбэрээр хийнэ хэмээн гэрээлсэн. Мөн гэрээндээ хөрөнгийг зарцуулахдаа хоёр тал харилцан зөвшилцөнө, бараа, бүтээгдэхүүн худалдаж авахаар болбол ямар үнэ ханшаар авна гэдгээ ярилцаж, тохирч байж шийднэ гэж нэмэлт заалтыг хүртэл оруулсан байсан.

 

Гэтэл “216 Япи үрэти худалдаа” компани зураг зурахад тэдэн төгрөгийн үнэлгээтэй гэж тохиролцоогүй, ийм үнээр бараа нийлүүлнэ гэдгээ зөвшилцөөгүй байж “Бид 600 мянган ам.долларын зураг, төсөл зурсан, 700 мянган ам.долларын хэв хашмал нийлүүлсэн” бэлэн мөнгө гаргахгүй гэж мэдэгдсэнээс болоод маргаан өрнөсөн. Гол нь Туркийн талаас 200 гаруй мянган ам.долларын өртөгтэй хэв хашмалийг зах зээлийн ханшаас дээгүүр 700 гаруй мянган ам.долларын өртөгтэйгээр илгээснийг Гаалын бичиг ирэх үед л мэдсэн.   

 

Туркийн тал  гэрээгээ зөрчиж, зураг төслөө 600 мянга, хэв хашмалаа 700 мянгаар  үнэлж, нийтдээ 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэсэн тул бид 2014 оны аравдугаар сарын 20-нд олон улсын Арбитрын шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагадаа “...Турк улсын “216 Япи Үрэти Худалдаа” компани нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний үүргээ ноцтой зөрчсөн тул уг гэрээг цуцлуулах, гэрээ цуцалснаас үүдэн гарах хохиролд 726.933.507 төгрөг, арбитрын зардалд төлсөн 10.054.335 төгрөгийг хариуцагч Турк Улсын “2016 Япи Үрэти Худалдаа” компаниас гаргуулах...” тухай тусгасан.

 

2015 оны  гуравдугаар сард арбитрын шийдвэр гарч, Монгол Улсын “Грандлайн” ХХК болон Турк Улсын “216 Япи Үрэти Худалдаа” компаниудын хооронд байгуулсан гэрээг цуцалж,  50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг “216 Япи Үрэти Худалдаа” компанид   даалгасан. Мөн “Грандлайн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Чулуудайн нэхэмжилсэн төлбөрийн 50 хувийг “216 Япи Үрэти Худалдаа” компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн гэлээ.

 

Бид иргэдийг хохироож гомдоож, гудамжинд гаргасан асуудал байхгүй

 

“Гранд лайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мөнхжин: Манай компани 2013 оны гуравдугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин клубын хэсэг дээр буюу Амгалангийн 15.4 га талбар дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулалтад оролцсон. Үүнд нийт 12 компани оролцохоор хүсэлтээ өгсөн байлаа. Ингээд эхний шалгаруулалтаар таван компанийг сонгож, тэд ч иргэдэд хэрэгжүүлэх төслөө танилцуулсан.

 

Дараа нь иргэдийн дунд санал хураалт явуулахад урьдчилсан байдлаар манай компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Тиймээс тухайн талбар дээрээ бид нийт иргэдийн 75-аас багагүй хувьтай тохиролцооны хоёр талт гэрээг хийснээр 2013 оны тавдугаар сард “Грандлайн” ХХК нийслэлээс төсөл хэрэгжүүлэгч гэсэн албан ёсны батламжаа авсан байдаг. Ингэхдээ журмын дагуу  үйл ажиллагаагаа явуулсан. Үүнтэй холбоотой мэдээллийг гэр хорооллын хөгжлийн газар болоод тухайн үеэр санал хураалтыг зохион байгуулж байсан бичлэг баримтаар нотолж болно.

 

Мөн энэ асуудлын хүрээнд манай компанийг төсөл хэрэгжүүлэхдээ иргэдийг хохироож гомдоож, гудамжинд гарган төсөл өөрөө зогссон гэдэг мэдээлэл гарсан байгаа. Үүнд албан ёсны мэдээлийг хэлэхийг хүсч байна. “Гранд лайн” ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхдээ “Түмэн Амгалан” гэж нэр өгсөн. Тухайн төслийн байршил дээр нийт газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч эзэмшигч нийт 230 гаруй иргэн, аж ахуйн нэгж байдаг. Үүнээс бид 97 хувьтай нь буюу 214 иргэн, аж ахуйн нэгжтэй тохиролцсон гэрээг хийсэн.

 

Мэдээж төслийг хэрэгжүүлэх үе шатны хүрээнд эхний ээлжинд 2013 онд 16 айл бүхий 1.6 га талбарыг бид чөлөөлсөн. Нийтдээ өнөөдрийн байдлаар бид 39 өрхийн 3.6 га талбарыг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар эдгээр 39 өрхөд түр оршин суух түрээсийн байрны нөхөн олговорыг 6 сараар олгож байгаа. Манай компани болон холбогдох шүүх, хуулийн байгууллагад иргэдээс ирсэн гомдол одоогоор байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбар дээрх иргэдийн төлөөлөл энэхүү хэвлэлийн хуралд оролцож байгаа. Тэд гомдол санал байга эсэхэд албан ёсоор хариу өгөхөөр өнөөдөр ирсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг энэ маань цоо шинэ ажил. Төсөл хэрэгжүүлж байгаа компаниудын хувьд ч гэсэн туршлага  болж, суралцах зүйл их байна. Төслийн хүрээнд 3000 гаруй айлын орон сууц барих асуудал яригдаж байгаа учраас  4-5 жилийн  хугацаанд шат дараатай хийгдэнэ.

 

Эхний ээлжийн орон сууцнууд 2016-20117 оноос ашиглалтад ороод явна. Манай компанийн хувьд төсөл хэвийн үргэлжлээд явж байгаа. Тулгамдсан асуудлууд  байхгүй. Бид төслийн хүрээнд томоохон хэмжээний санхүүгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг шийдвэрлээд явж байна. Эхний ээлжийн 227 айлын орон сууцны санхүүжилтийн асуудлыг бид дотоод эх үүсвэрээсээ шийдсэн байгаа. Төслийн гүйцэтгэлээр нь авч үзэх юм бол бид 28-30 блок орон сууц барихаа эхний 2 блокийн ажил явж байгаа. 2016 оны III дугаар улиралд хүлээлгэж өгнө.

 

Худал мэдээлэл хаанаас гарч, энэ мэдээллийн цаана ямар хүмүүс байгааг би хэлж мэдэхгүй байна. Нүдэнд харагдаж байгаагаар хэвлэл мэдээллээр сайт сонингуудад манай компанийн талаар илтэд худал мэдээлэл гараад байгаа тул бид албан ёсны тайлбар өгөх зорилгоор хэвэллийн хурал хийлээ. Хэн нэгэнд чиглэж мэдээлэл хийгээгүй.

 

Өнөөдөр газар чөлөөлсөн иргэдийн дундаас гомдоод яваа хүн байхгүй

 

“Түмэн Амгалан” төслийн иргэдийн түр зөвлөлийн дарга Б.Батдорж: “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Амгаланд хийгдэж байгаа “Түмэн Амгалан” төслийн 200 гаруй айл гудамжинд гарлаа гэдэг мэдээлэл гараад байна. Өнөөдрийн байдлаар газраа чөлөөлсөн 39 өрх айл байгаа. Сонгон шалгаруулалтын явцад манай хорооны иргэд “Гранд лайн” ХХК-ийг сонгосон. Миний хувьд иргэдийнхээ сонгосон сонголтыг хүндэтгэн энэ компанийг дэмжиж ирсэн. Өнөөдрийг хүртэл ажлын явц удаашралтай байгаа нь нууц биш.

 

Гэхдээ энэ нь компанийн зүгээс шалтгаалахгүй зүйл буюу тухайн газрын хөрсний бохирдлоос болоод төрийн шатны зохих байгууллага нь хайнга хандсанаас үүдэн өнөөдөр ажил удааширч байгаа. Мөн үүнийг зориуд улс төржүүлж иргэд биднийг хохироож байгаа тул бид ийнхүү бодит байдлын талаар мэдээлэл хийж байна. Учир нь иргэд бид энэхүү компанитай зөвшилцөж тохиролцож болж байна, ажил явагдаж байгаа.  Өнөөдөр бид энэасуудлын хүрээнд дуугараагүй байхад хэн нэгэн бидний өмнөөс хохирсон болж улс төржүүлээд байгааг ойлгохгүй байна.

 

Өнөөдрийн байдлаар газраа чөлөөлсөн иргэдээс шүүх цагдаа бусад хяналтын байгууллагуудад хандсан, гомдсон асуудал нэг ч байхгүй. Гэтэл бидний өмнөөс хэн нэгэн хүн  санаа зовж, “Эд нар гудамжинд хоноод байна” гэж халамж тавиад  байх юм. Бид компанитайгаа учир зүйгээ олсон, ойлголцож байгаа шүү дээ. Компаниас шалтгаалах ч юм байна, шалтгаалахгүй ч юм байна. Энэ компанийн ажлыг саадгүй явуулж өгөөч ээ гэдгийг хэлэх гэж л бид энд өнөөдөр ирлээ. 
 

Газар чөлөөлөхдөө айл өрхүүдтэйгээ харилцан тохиролцоод нөхөн төлбөрүүдийг олгосон.  Зарим айл нь “Бид нар тэр байранд ортлоо орон сууцанд ормоор байна” гээд компанийн зүгээс мөнгийг нвь төлөөд түрээсийн байранд сууж байгаа. Зарим айлд нь “Би  байранд суумааргүй байна. Түр зуур хөдөө баймаар байна. Нөхөн төлбөрийнхөө мөнгийг бэлнээр нь аваад явмаар байна”. Зарим иргэд нь “Үйлчилгээний төвтэй жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг байсан. Жижиг дунд үйлдвэрийн байр гаргаж өгөөч ээ” гээд тэр асуудлыг нь хүртэл шийдэж өгсөн.  Тэгэхээр өнөөдөр газар чөлөөлсөн иргэдийн дундаас гомдоод яваа хүн байхгүй. Бидний өмнөөс гомдож урдуур битгий орооч ээ. Хэн нэгэнд бидэнд хайртай хүн болж битгий харагдаач ээ л  гэж хэлмээр байна.

 

Компанитайгаа тохиролцон нөхөн төлбөрөө аваад түрээсийн байрандаа амьдраад орон сууцаа хүлээгээд болж л байна. Тиймээс бид ойлголцож ярьж байгаа энэхүү асуудлыг битгий улс төржүүлээч ээ гэж хэлмээр байна.

 

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
эрүү үүсгэдэг элбэгдоржийн батүүл
2015-09-04
Зочин:
IIM KHORLON SUITGEKH CHANARYN MEDEE TARAAJI BAIGAA NUKHDUD ERUU UUSGEKH KHEREGTEI. TURIIN AJLYN ESREG ZUIL KHIIJI BAINA
2015-09-03