Шүүх хурлыг нээлттэй явуулахгүй бол жагсана

Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөл “Нүүрс хөтөлбөр”-ийн хэргээр шалгагдаж байгаа Л.Гансүхийн шүүх хурлыг ил тод нээлттэй шоронд биш шүүх танхимд явуулах ёстой хэмээн мэдээлэл хийлээ.
Дархан сумын гуравдугаар багийн иргэн С.Наранцэцэг хэлэхдээ “Л.Гансүх бол Дархан-Уул аймгаас 2 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байсан ард олны итгэлийн хүлээсэн хүн. Энэ хүн ийм зүйл хийсэн гэдэгт бид итгэхгүй байна. Шүүх засаглал, шүүх ажиллагаа гэдэг шүүхийн танхимууддаа л болох зүйл. Гэтэл өнөөдөр шоронд хийнэ гэж байгаа нь шүүхийг нээлттэй явуулахгүй гэсэн башир арга гэж үзэж байна.
Дархан -Уул аймгийн 5000 хүний гарын үсэгтэй хүсэлтийг цуглуулж төлөөлөн ирсэн. “Нүүрс хөтөлбөр” нь түлшиндээ нүүрс хэрэглэж амьдардаг иргэдэд өгөөжтэй байсан. Тухайн үед нэг портер нүүрс 280 мянган төгрөгийн үнэтэй байсныг 80 мянган төгрөг болгож нэг айл 200 мянган төгрөгийн хэмнэлт гаргаж байсан. Ард түмэнд өгөөжтэй хөтөлбөр хэрэгжүүлсэн хүнийг хорьж цагдаж байгаад Дарханчууд бид үргэлж эсэргүүцсээр ирсэн.
Тиймээс шүүх хурлыг хорих 461 дүгээр ангид биш шүүх танхимд явуулж өгөхийг шаардаж байна. Энэ тухайгаа Шүүхийн ерөнхий зөвлөлд бичгээр хүргүүлсэн байгаа хариугаа энэ сарын 7-нд авна. Хэрвээ шүүх хурлыг нээлттэй явуулахгүй бол бид жагсаал, тэмцэл хийнэ. Өнгөрсөн удаад бид энэ асуудлаас болж АТГ, Төв аймгийн мөрдөн байцаах газрын гадна жагсаал хийж байсан” гэв.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ