Сайдуудын нэрсийг өргөн барих уу
2015-09-04

 

Сайдын томилгооны асуудал улс төрийн шийдэлд хүрсэн бололтой. Өнөөдөр “Шударга ёс” эвслийн бүлгээс сайдад нэр дэвшүүлэх эрхмүүдийн нэрсээ Ерөнхий сайдад өргөн барьжээ.

 

Тус эвслийн бүлгээс  Шадар сайдад  эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг,  БХБ-ын сайдад З.Баянсэлэнгэ, БОНХАЖ-ын сайдад Ц.Оюунбаатар нарын нэрийг дэвшүүлжээ.

 

АН-ын бүлгийн тухайд   хэдэнтээ хэлэлцэж, Ерөнхий сайдад бүрэн эрхийг нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Учир нь АН-ын бүлгээс сайдад санал болгосон Л.Эрдэнэчимэг нарын зарим нөхөдтэй гар нийлж, хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн байлаа. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Сангийн сайдад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болорыг, Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн М.Зоригтийг, Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайханыг  нэр дэвшүүлэхээр болж, намын бүлэгтэйгээ нэгдсэн байр суурьт хүрсэн гэх сураг дуулдана.

 

Хуулиараа УИХ-д сайд нарын нэрийг өргөн барих хугацаа даваа гаригаар дуусгавар болж байгаа. Тиймээс өнөөдөр Ерөнхий сайд сайдуудын нэрсийг өргөн барьж магадгүй гэсэн таамаг байгаа юм.

 

УИХ-ын дарга  Дэлхийн спикерүүдийн бага хуралд оролцоод эх орондоо ирж амжаагүй байгаа.  УИХ-ын даргын эзгүйд дэд дарга Р.Гончигдорж эсвээс М.Энхболд нарын нэг нь хүлээж авах боломжтой.

 

Ажлын цаг дуусах дөхөж байгаа энэ үед сайд нарын нэрийг өргөн барих цаг УИХ-д товлогдоогүй байгаа юм. Тиймээс ирэх даваа гаригт  өргөн барихаар хойшлогдож магадгүй.

 

Ямартай ч хуулийн дагуу  ирэх долоо хоногт ээлжит бус чуулган зарлагдаж, Засгийн газрын сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэж эхлэх байх. Гэхдээ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг эхэлж хэлэлцэнэ гээд эвслийн зүгээс барьцаа тавьж ч магад.

 

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авч дэмжихээ мэдэгдсэн байгаа. Тиймээс ээлжит бус чуулган эхэлсэн  ч хэлэлцэх асуудал нь хэр сунжрахгүй хэлж үл мэднэ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин