Зөвшилцөх процесс дуусгавар болсон уу

Ерөнхий сайд Засгийн газрын шинэ гишүүдийн нэрсийг УИХ-д өргөн мэдүүлж, Ерөнхийлөгчид зөвшилцөхөөр санал хүргүүлсэн. Уг зөвшилцөх саналтай танилцаад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүнд давхардуулж хашиж болохгүй гэсэн байр сууриа дахин баримтлахаа мэдэгдлээ.
Тэгвэл уг “Зөвшилцөх” гэсэн нэр томьёоны хууль зүйн тайлбараар нь авч үзвэл Монгол Улсын ерөнхийлөгчийн байр суурь чухал үүрэг гүйцэтгэхгүй бололтой.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Засгийн газрын орон гарсан зарим гишүүдийг нөхөн томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т Улсын дээд шүүх нь “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан.
“Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 216 дугаар тогтоолын 1-д “зөвшилцөх” гэдгийг хууль тогтоомжид өөрөөр тодорхойлоогүй бол Ерөнхийлөгч, Улсын Их Хурал буюу Ерөнхий сайд тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр, авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгоно” хэмээн тайлбарласан байна.
Мөн Улсын дээд шүүхийн дээр дурдсан тогтоолын хоёрт “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуульд заасан "зөвшилцөх" тухай ойлголт, зөвшилцөх журмыг тухайн актад өөрөөр тодорхойлоогүй бол энэ тайлбарын дагуу, адилаар ойлгож явуулж байхаар тогтоосугай” гэсэн болно.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын зарим гишүүдийг нөхөн томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид бичгээр хүргүүлж, бичгээр хариу авснаар зөвшилцөх процесс дуусгавар болсон гэж үзэж болох аж.
Тэгэхээр ирэх долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын шинэ гишүүдийн томилгоог хэлэлцэх ажил хуваарийн дагуу үргэлжлэх нээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ