Францис дүрвэгсдэд туслахыг уриалав

Ромын хамба ламтан Францис Ойрхи Дорнод, Хойд Африкаас цагаачилж Европт ирж буй дүрвэгсдийг хүн төрөлхтөн найз, гэр бүлийн хувиар хүлээн авч, тэдэнд амьдрах итгэл хайрлахыг уриалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Европын холбооны удирдлагууд дүрвэгсдээс болж эх орон, газар нутагт нь дайн дэгдэхээс эмээж байгаа. Тиймээ, сүүлийн үед Европт гарч буй халдлагыг исламын шашинтнууд үйлдэж, хүний аминд хүрч байна. Гэхдээ биднийг зориод ирсэн дүрвэгсдийг хүлээн авах ёстой. Дүрвэгсдэд нуруугаа харуулах ёсгүй. Бид тэднийг хүлээн авч, дахин амьдрах итгэл, хүч хайрлах ёстой” гэж хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Сирийн Кобане хотоос Грекийг чиглэж явсан завь осолдож, 15 хүн амиа алдсан юм. Тус завины хамгийн бяцхан зорчигч Алан Курди хүүгийн цогцсыг хоёр хоногийн дараа Туркийн Бодрум хотын ойролцоо далайн эргээс олсон билээ. Далайн эрэг дээр доош харан хэвтэж буй Алан хүүгийн гэрэл зургаас болж олон мянган европчууд дүрвэгсдэд боломж олгохыг шаардаж, эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж байна. Их Британи, Герман, Австри, Грекийн удирдлагууд хүүгийн аавд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд дүрвэгсдийн эсрэг тавиад буй хоригоо зөөлрүүлж, 80 мянган дүрвэгчийг хүлээн авахаар болсон. Одоогоор Герман, Австрийн Засгийн газар 5500 дүрвэгч хүлээн авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ