Их Британийн “www.telegraph.co.uk” сайтад Европыг чиглэн ирж буй дүрвэгсдийн асуудлаар “Хөгшин европын толгойны өвчин” гэх нийтлэл нийтлэгджээ.
Газар дундын тэнгисийг гаталж явсан завь осолдож, Сирийн 15 иргэн амиа алджээ. Энэхүү осол энэ сарын 2-ны 22.00 цагийн орчимд болжээ. Бүх зорчигч амиа алдсан бөгөөд аврагчдыг ослын газар ирэх үед тус завинд зорчиж явсан хоёр настай Алан Курди хүү сураггүй алга болсон юм. Аврагчид 24 цаг ослын бүс нутагт эрэн хайх ажиллагаа явуулсан ч Алан хүүгийн сургийг гаргаж чадаагүй билээ.
Ослоос хоёр хоногийн дараа хүүгийн цогцсыг Туркийн Бодрум хотын эргийн ойролцоогоос олсон. Хүү эрэг дээр доош харан яг л унтаж буй мэтээр амьсгал хураажээ. Хүүгийн зургийг “Доген” агентлагийн гэрэл зурагчин авч “Эрэг мөргөсөн хүн төрөлхтөн” гэх гарчигтайгаар твиттертээ байршуулсан. Энэхүү зураг интернэт ертөнцөд түймэр мэт хүчээ авч, амиа эрсдэлд оруулж хөгшин Европыг чиглэн ирж буй дүрвэгсдэд амьдрах итгэл хайрлахыг шаардсан билээ.
“Алан хүү амиа алдсан ч олон зуун дүрвэгсэд орон гэртэй боллоо” хэмээн НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан мэргэжилтэн хэлжээ. Учир нь Алан хүүгийн үхэл Европын орнуудын удирдлагуудад цочироо өгсөн бөгөөд тэдний зүрх төмрөөр бус махаар бүтээгдсэн гэдгийг ойлгуулсан үйл явдал болов. Алан хүүгийн сууж явсан завь Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хяналтад ороод буй Сирийн Кобане хотоос Грекийг чиглэн хөвж явжээ. Сирийн олон сая иргэн төрөлх эх орноо орхин гарч, харийн нутагт цагаачлахаар хилийн дээс алхсан ч нэг бол хатуу чанга хамгаалалттай хил дээр тэвчээртэй хүлээх эвсэл хэт даврагчдын гарт амиа алдахаас өөр сонголтгүй болжээ.
Сайхан амьдрал руу тэмүүлэн хөгшин Европыг зорин ирж буй дүрвэгсдэд хориг тавиад буй Герман, Унгар, Австрийн удирдлагууд Алан хүүгийн үнэ цэнэтэй үхлийн дараа дүрвэгсдэд орогнол олгохоор шийдэж, хил дээр гацаад буй олон мянган дүрвэгсдэд илч дулаанаа мэдрүүлсэн юм.
Герман, Их Британи, Австри хамгийн багадаа 200 мянган дүрвэгчид орогнол олгохоо зарлав. Германы Канцлер Ангила Меркел ойролцоогоор 80 мянган дүрвэгчийг хүлээн авч, аюулгүй газар байршуулахаа мэдэгдэв. Тэрбээр “Эрэг дээр доош харан хэвтэж буй тэр хүүг хараад би уйлсан. Яагаад, юуны төлөө бурхан тэр хүүг аваад явав. Би Алан хүүгийн төлөө дүрвэгсдэд тавьсан хоригоо эргэн харахаар боллоо” гэж хэлжээ.
Энэ оны арванхоёрдугаар сар гэхэд Герман 80 мянган дүрвэгч хүлээн авна. Тус улс өчигдөр 7400 дүрвэгчийг хүлээн авчээ. Австри улс орогнол хүссэн 20 мянган хүний 12 мянгад нь нааштай хариу өгч, өчигдөр хилийн дээс алхуулжээ. Гэхдээ Австрид нэвтэрсэн дүрвэгсдийн 80-аас дээш хувь нь Германд очих зорилготой байгаа юм.
Унгар улс 5500 дүрвэгчийг хүлээн авсан тухай тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан сэтгүүлчдэд мэдэгдлээ. Тэрбээр “Биднийг зорин ирсэн дүрвэгсдэд дахин боломж олгож буйдаа баяртай байна” гэсэн бол Их Британи дүрвэгсдийн эсрэг тавиад бус хоригоо сулруулж, дүрвэгсдийг хүлээн авахаа мэдэгдэв. Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон “1500 дүрвэгч хүлээн авна” гэж хэлжээ.
Францын “Charlie Hebdo” шог сэтгүүлийн редакцид болсон халдлагыг “Аль Кайди” бүлэглэл захиалсанаа хүлээн зөвшөөрсөн. Энэхүү халдлагаар 12 хүн амиа алдсан юм. Сэтгүүлийн редакцид болсон халдлагын дараа Францад дараалласан долоон халдлага болж, олон хүн гэмт этгээдийн золиос болсон. Эдгээр халдлагын цаана исламын шашинтнууд байгааг тогтоосон юм.
Алан хүүгийн үхэл францчуудад хүнд цохилт болсон ч улсынхаа аюулгүй байдлын үүднээс тус улсын удирдлагууд дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлсэн. Энэхүү саналыг олон улс хүндэтгэж буй ч Ерөнхийлөгч Франсуа Олландыг хөөрхий дүрвэгсдэд боломж олгохыг уриалжээ.
Эдийн засгийн уналт, дотоодын үймээн самууны улмаас Грекийн Засгийн газар ганц ч дүрвэгч хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тус улсын хил дээр 7000 гаруй дүрвэгч орогнол хүсч, олон өдрийг өнгөрүүлж байна. Грекийн сайн дурынхан дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэлжээ.
Олон улсаас муу үнэлгээ аваад буй Канадын Засгийн газар дүрвэгсдийн асуудал дээр хатуу байр сууриа хадгалж байна. Гэхдээ тус улсын Ерөнхий сайд Стивен Харпер, харамсалтайгаар амиа алдсан Алан Курди хүүгийн аав Абдулла Курдид орогнол олгож, илүү баталгаатай амьдрал бэлэглэхээ амласан ч татгалзсан хариу авсан. Курдигийн гэр бүл өнгөрсөн оноос хойш Канадын удирдлагуудаас орогнол олгохыг хүссэн ч үргэлж татгалзсан хариу авдаг байжээ. Курдигийн төрсөн эгч Канадад амьдардаг юм. Алан хүүгийн үхлийн дараа интернэт хэрэглэгчид “Канадын удирдлагууд хүүг алчихлаа” хэмээн буруутгах болсон. Эхнэр, хоёр хүүгээ алдсан Курди “Бүх зүйл үгүй болсны дараа орогнол олгохыг зөвшөөрлөө. Ямар ч утга алга. Надад ирээдүй байхгүй” гэж хэлжээ.
Алан хүүгийн буянаар хамгийн багадаа 100 мянган дүрвэгчийн нүүрэнд дахин инээмсэглэл тодорлоо. “Биднийг хүлээн авахаар боллоо” гэх үг дүрвэгсэд цугларсан газраас сонсогдож эхэллээ” хэмээн “AFP” агентлагийн сэтгүүлч өөрийн блогтоо бичжээ. Герман, Унгар, Австри, Их Британийн удирдлагууд дүрвэгсдийг хүлээн авахаа мэдэгдсэн ч тэдний харцанд айдас харагдана.
Британийн хэвлэлүүд “Хэт даврагчид дүрвэгчийн дүрд хувирч байна” гэх мэдээллийг иргэдэд хүргэж, айдас дээр айдас нэмж байна. Олон улсыг хоёр хуваагаад буй тус мэдээлэл баттай болохыг гэрчүүд баталж байгаа юм.
Хэт даврагч бүлэглэлийн 4000 дайчин дүрвэгсдийн дунд орж, жинхэнэ төрхөө нууж Европт нэвтэрч, халдахаар төлөвлөж буйг гэрчүүд сануулсаар. Канцлер хүртэл энэхүү асуудалд сэтгэл нь зовниж буйгаа нуугаагүй бөгөөд “Бидний цагаан сэтгэл рүү ус цацахгүй гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг