Бие шантарч болно, сэтгэл мохож болохгүй

img

Хэдхэн хоногийн өмнө Болгар улсын Пловдив хотноо болсон Олон улсын таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах XIX тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, ганзага дүүрэн ирсэн билээ.

 

Тэдний нэг дэлхийн аваргын алтан медалиа энгэртээ зүүгээд ээждээ ч үнсүүлж амжаагүй яваа шинэхэн аварга С.Будхүүтэй ярилцлаа. Тэр Завхан аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч цолтой, олон улсын таеквондогийн дэлхийн аваргын хошой мөнгө, ази тивийн аваргын мөнгөн медальт, Улсын есөн удаагийн аварга тамирчин. Шавилхан биетэй энэ бор бүсгүй Монгол цагдаагийн, монголын таеквондогийн спортын түүхийг бичилцэж явна.

 

-За баяр хүргэе.

-Баярлалаа. Бидний хамтын ялалт байлаа.

 

-Тэмцээний сонин сайхнаас хуваалцаач.

-Олон улсын таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцлоо. Дэлхийн 87 орны 800 гаруй тамирчин тулалдсан. Өмнө нь энэхүү тэмцээнд ирж байгаагүй, тулалдаад үзвэл сонирхолтой баймаар Уганда, Австрали зэрэг улсаас тамирчид ирсэн. Өмнө бид дандаа л алтан медаль авах юмсан гэж бодоод тэмцээнд явдаг байсан. Дэлхийн аваргаас алтан медаль цаг хугацаа хэрэгтэй байдаг юм шиг байна. Манай тамирчид долоон алт, 10 гаруй мөнгөн медаль энгэртээ гялалзуулаад эх орондоо буусан. Бахархалтай сайхан байлаа. Гэхдээ энэ амжилтдаа эрдэж, бардсан хүн байхгүй. Хос медальтай ирэх боломжтой байсан даа гэж бодож, санаж байгаа. Ер нь тамирчин хүн бүр ийм байдаг  байх.

 

-Жин хасч тулалдсан. Бэлтгэлээ хэрхэн базаасан бэ. Өрсөлдөгчид хүчтэй байв уу?

-Би бэлтгэлээ цагдаагийнхаа зааланд шавь нартайгаа, зарим алба хаагчтайгаа цуг хийдэг. Мэдээж шигшээ багийнхны бэлтгэлтэй эн зэрэгцэхээр сүрхий байна гэж байхгүй. Тэмцээнд явахаасаа өмнө энд ирж шигшээгийнхэнтэй “Болор” амралтын газар бэлтгэлээ базаасан. Мон-Алтиус биеийн тамирын сургууль, МИҮС дээр заалны бэлтгэлээ хийсэн. Бэлтгэл сайн байсан. 63 кг-аас 57 кг-д орж биеэ хөнгөлөөд, нэлээн сайн хичээсэн дээ. Нэг жинд 20-30 гаруй тамирчин дөрвөн хэсэгт хуваагдаж тулалдсан. Манай жинд 32 тамирчин тулалдсан. Өрсөлдөгчид чанга байсан. Бид ч дутахгүй байсан байх /инээв.сур/.

 

-Одоо өөрийн чинь тухай, спортын тань талаар яръя. Таеквондогийн спортод хэрхэн эргэлт буцалтгүй орчихов?

-Дунд сургуулийн сурагч байхдаа жүдо бөхөөр хичээллэх гэж оролдсон. Нэг их удаагүй. Тэгээд оюутан болж, 2004 оноос таеквондогоор хичээллэсэн. Сонингоос зар харж байгаад “Хурд хүч” клубт очиж, Ч.Чимэд-Отгон багшийнхаа шавь болсон. Надад дэлхийн аварга болох мөрөөдөл төрүүлсэн багш минь шүү дээ. 

 

 

-Тэгвэл цагдаа болохоосоо өмнө таеквондочин байжээ.

-Тиймээ. Би 2011 онд цагдаагийн алба хаагч болсон. Энэ албанд тав дахь жилдээ ажиллаж байна. Алаг машинтай эргүүлийн цагдаа. Зарим хүн чи ингэж явахаар “Хүч” спорт хороо руу орчихооч гэдэг юм. Надад бол орон нутагтаа байх сайхан. Тэгээд ч Завхан аймагт тулааны урлагийг хөгжүүлнэ гэсэн том зорилготой. Зорилго хүнийг дагуулдаг.

 

Надад бол орон нутагтаа байх сайхан. Тэгээд ч Завхан аймагт тулааны урлагийг хөгжүүлнэ гэсэн том зорилготой. Зорилго хүнийг дагуулдаг.

-Том зорилготой гэлээ. Хэрхэн биелүүлж байна. Сая шавьтайгаа цуг дэлхийн медаль зүүлээ.

-Тэглээ. Зорилгоо биелүүлэх гээд үзэж байна. Нэлээн хэдэн шавьтай болсон. Ази тивийн аваргын мөнгө, хүрэл, дэлхийн аваргын алтан медальтай шавьтай боллоо. Үүнийг үр дүн гэж ойлгож болно. Гэхдээ батлах, давтах, ахиулах хэрэгтэй. Ямартай ч адилхан мөрөөдөлтэй хүмүүс төрж байна. Цаашдаа аймгийнхаа 24 сумын ЕБС-д таеквондогийн багштай болж, боломжоороо тэмцээнд ордог болчихвол ч.

 

-Өдрийн хэдэн цагийг зааландаа өнгөрөөдөг вэ?

-Ажлаас л шалтгаална даа. Үдээс өмнө ажилтай бол орой, үдээс хойш ажилтай бол өглөө бэлтгэлээ хийнэ.

 

-Баргийн нөхрийг бол бариад тонгорчихно биз?

-Мэдэхгүй. Гайхгүй байх аа /инээв.сур/.

 

-Цагдаагийн ажил хэцүү. Гэхдээ сүүлийн үед цагдаад зодуулсан гэх юм. Зөвхөн танд хандаж байгаа юм биш шүү.

-Ойлгож байна. Цагдаагийн ажил хэцүү болчихсон. Өөрөө хууль зөрччихөөд, юу ч болоогүй байхад цагдаа намайг зодлоо, цагдаад зодуулсан гээд байдаг. Уг нь бид хуулийн дагуу ажиллаж байгаа юм шүү дээ. Бараг бэртэл авахгүйгээр цохиулчихаад байж байсан нь дээр. Жаахан гунигтай байгаа биз. Гэхдээ хүмүүс засарна байлгүй дээ.

 

-Шантрах үе байсан уу?

-Мэдээж байсан. Бие шантарч болно, сэтгэл шантарч болохгүй гэж боддог. Нэг жишээ яръя. Дэлхийн аваргын бэлтгэлд гараад удаагүй байхад манай нэг тамирчин гараа хугалчихсан. Гэхдээ тэр шантраагүй. Нэг гар нь сойлттой тамирчин бидэнтэй хамт бэлтгэлээ хийж, гүйж, харайж, гар дээр 100, 50 суниаж бүгдийг хийж байсан. Гар, хөл бүгд хөдөлж байх ёстой спорт шүү дээ энэ чинь. Хараад нулимс гармаар. Түүнийг харсан бидэнд  буцах, няцах, шантрах эрх байгаагүй.

 

-Эрч хүчийг хэрхэн олдог вэ?

-Уртын дуу сонсдог. Ардын жүжигчин Н.Норовбанзад гуайн “Уяхан замбуу тивийн наран”, “Жороо баахан улаан” зэрэг хэдэн уртын дуу сонсоно. Их дуртай. Эднээсээ л тайвшрал, эрч хүчийг олж авдаг юм.

Ардын жүжигчин Н.Норовбанзад гуайн “Уяхан замбуу тивийн наран”, “Жороо баахан улаан” зэрэг хэдэн уртын дуу сонсоно. Их дуртай. Эднээсээ л тайвшрал, эрч хүчийг олж авдаг юм.

 

-Таеквондогоо юутай зүйрлэх вэ?

-Миний амьдралын салшгүй нэг хэсэг. Магадгүй эмээ болсон ч ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ороод гүйж явах байх /инээв.сур/.

 

-Багийнхандаа хандаж хэлэх үг бий байх.

-Өөр, өөр үзэл бодол амьдралтай биднийг таеквондо нэгтгэдэг. Зорилгынхоо төлөө үргэлж нэг хүн шиг байдаг шигшээ багийнхандаа баярлалаа. Мөн энэ дашрамд надад тусалж, намайг дэмждэг Завхан аймгийн нутгийн зөвлөл, Цагдаагийн газар, Цагаанхайрхан сумынхандаа талархаж явдгаа хэлье.

 

-Медалийн чинь туузын хамгийн дээд талд ямар медаль заларч байна.

-Би Улсын аваргын алтан медалийнхаа дээр ази, дэлхийн аваргын медалиудаа зүүж байгаагүй. Ер нь алтан соёмбоосоо дээш медаль зүүдэггүй. Одоо дэлхийн аваргын алт л хажууд нь очих байх.

 

“Би байшин, машинтай болно, тансаг амьдарна гэж мөрөөддөгүй, настай аав, ээж минь миний хажууд урт, удаан наслаасай л гэж чин сэтгэлээ хүсдэг. Би эх дэлхийдээ хачин их хайртай. Хүмүүс борооноос нуугддаг бол би бороо, цасанд норж алхах дуртай. Ээж минь охиноо медаль авсныг сонсоод гадаа, гэртгүй инээсэн хүн л гүйгээд байгаа гэсэн” гээд өгүүлэх үг бүр нь үнэн, худал чимэггүй, эгэл жирийн, жинхэнэ монгол бүсгүй түүнтэй ярилцахад амар, урамтай байлаа.

 

Б.Будхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-05-04
Zochin:
Shildeg tamirchin Egch shuu. Taniasaa mash ih zuilsiig sursan. Tamirchin hun yamar bh yostoi ter bugdiig ulger jishee haruuldag shuu. Iluu ih amjilt husie. AZ jargal eruul enhiig bas husie
2016-02-01
Зочин:
mundag ohin ym daa. ednii udmiinhan er ni toson chomogtei ulsuud shuu. eejiin tal ni ter chigeeree huchtei erchuud bdagiin
2016-01-30
baga ah ni:
ahiin duu ... amjilt.
2015-09-15
Зочин:
Ymar baxarxmaar ym bee amjilt dandaa iim l zangaaraa shantralgui yvaarai amjilt
2015-09-09
Зочин:
tsagdaa tsagiin naiz buur tsaashilbal tsai uuh zuuriin l naiz shuu dee
2015-09-08
Зочин:
Mundag busgui shuu bayr hurgie ulam ih amjiltiig husiy
2015-09-08
Зочин:
будхүүдээ хамгийн сайн сайхныг хүсье. мундаг бүсгүй шүү
2015-09-08