З.Энхболд: Өршөөлийн хуулийг батална
2015-09-08

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  Хуралдаанаар БОНХАЖ-ын сайдад нэр дэвшигч  Н.Батцэрэгийг томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэр дэвшигч Н.Батцэрэг гишүүдийн асуултад хариулж байна.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Нэр дэвшигчийг дэмжиж байна. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойгоор анхны парламентчаар ажиллаж байсан хүн. БОНХАЖ-ын экс сайдаар ажиллаж байсан Д.Оюунхорол гишүүн Зайсангийн оршин суугчдын газрын асуудлыг шийдвэрлэсэнд баяртай байгаа. Асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Сайдаар нэр дэвшиж байгаа Н.Батцэрэг гишүүн таныг мөн тулгамдсан асуудлыг шийдвэрлээд явна байх гэж итгэж байна.

 

Нэр дэвшигч Н.Батцэрэг:

 

-Зайсангийн оршин суугчидтай холбоотой асуудлыг Д.Оюунхорол сайд шийдвэрлэж байсан. Бусад асуудлыг ч судлаад шийднэ.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-Тантай хамтарч ажиллаж байгаа намууд хэр итгэл дааж байна вэ? Өнөөдөр сайд нарыг томилоод маргааш зарим сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр байна. Энэ байдал хэр үргэлжлэх вэ? Монгол төрөөр тоглож дуусч байна. Ингэхийн тулд  зоригтой алхмуудыг хийх хэрэгтэй.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

-Парламентад олонхийг бүрдүүлж байгаа намын хувьд бусад хүчнүүдтэй хамтарч ажиллаж байна.

 

УИХ-ын дэд дарга Л.Цог:

 

-Өнгөрсөн хугацаанд манай эвслийн бүлгийн дарга далайцтай бодлоготой хүн гэдгээ харуулсан. Зөвшилцөл бол концесс гэж гаднын үг хэлж байна. Зөвшилцөл гэдгээ бид тайлбарлах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Н.Батцогт:

 

-Нэр дэвшигчийг дэмжиж байгаа. БОНХАЖЯ-ыг яагаад үндсэн чиглэлийн яам болгосон бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Байгаль орчны салбарт нөхөн сэргээлт гээд ашиглалт явуулдгийг болиулах хэрэгтэй.

 

Нэр дэвшигч Н.Батцэрэг:

 

-Нөхөн сэргээлт хийх нь хуулиар зохицуулсан асуудал. Тиймээс хуулийн хүрээнд ажиллана. Байгаль орчны асуудлаар ан амьтан, ургамлыг зохистой ашиглах хууль батлагдсан. Ногоон хөгжлийн бодлогоор хийгдэх  бодлого батлагдаагүй. Энэ тал дээр анхаарал хандуулж ажиллана.

 

УИХ-ын гишүүн Д.Арвин:

 

-Байгаль орчин хамгаалах асуудлаар Урт нэртэй хууль батлагдсан. Гэтэл энэ  хуулийн хэрэгжилт завхралд оруулсан.  Урт нэртэй хуулийг завхруулж ажиллуулж байгаагаас аж ахуйн нэгж, иргэд хохирч байгаа. Тийм учраас шалгалт явуулж, хуулийн дагуу хэрэгжүүлэхийг санал болгож байна.

 

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

 

-Үндсэн чиг үүргийн сайд нар давхар дээлтэй байж болно гэж МАН-ын бүлэг үзсэн. МАН-ын бүлэг хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болно. Тиймээс таныг БОНХАЖ-ын сайдад  томилохыг дэмжиж байна. Нөгөөтэйгүүр ээлжит бус чуулганаар хоёрхон асуудал шийднэ. Гэтэл Өршөөлийн хуульд эвсэл завсарлага авсан. Бид томилгооны асуудалд саад болохгүй, дэмжээд явуулна. Харин нийгэмд хүлээлт үүсээд байгаа Өршөөлийн хуулийн хоригийг хэлэлцэх үү? Өршөөгдөх ёстой хүмүүсээ өршөөгөөд ээлжит бус чуулганаа завсарлуулна уу?

 

УИХ-ын дарга З.Энхболд:

 

-Ээлжит бус чуулган төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцээд завсарлана. Өршөөлийн хуулиа батална.

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

 

-Сайд нарыг томилох үед гарч байгаа зарчмын асуудал гарч байна. Урьд өмнө Н.Алтанхуягийг огцруулсан замаар яваад байгаа учраас  асуудлыг хэлж байна.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Байгаль орчны салбар бол Монгол хүний амьдрах, аятай тохитой амьдрах орчныг бүрдүүлэх салбар. Байгаль орчны салбарт 6 сар ажиллаад сэтгэл гаргавал болдог юм байна гэдгийг Д.Оюунхорол гишүүн харуулсан.  Хийж байсан ажлыг нь цаг алдалгүй үргэлжлүүлээрэй. Хөвсгөл нууранд цэвэр усны нөөцийн 40 хувьд байна.  Аравхан хоногийн дотор 40 мянган тээврийн хэрэгсэл, 80 мянган жуулчин очоод гишгих газаргүй болжээ. Байгаль орчны хамгаалал талаас нь зайлшгүй шийдэх хэрэгтэй. Улаанбаатарт байгаа агаарын бохирдол, үерийн асуудал бүх аймагт байна. Үүнд мөн анхаараарай.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

 

-Хамгийн том яамыг толгойлох гэж байна. Зарим хүмүүс мөнгөтэй, тендэр их зарладаг яамыг том гэж ойлгодог. Энэ нь тийм биш юм. Бидний эрүүл амьдран орших асуудал энэ яамадн харъяалагддаг.  Тиймээс би боломжийн хүн очиж байна гэж бодож байна. Улстөржихгүй залгамж чанарыг авч явна гэж ярьж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Шинэчлэлийн Засгийн газрын үед хийх ажил их байсан. Хадлан тэжээл оройтож байгаа ч гэсэн ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Ерөнхий сайд ажлаа хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй.  Одоо энэ Засгийн газар сайн ажиллах ёстой. Бүлгийн шийдвэр гараад, бүлгээс томилогдож байгаа сайдууддаа “Оюутолгой”-н гэрээ хэлэлцээрийг сайжруулах хэрэгтэй гэж хэлмээр байна. “Оюутолгой”-д байгаль орчны нөхөн сэргээлтэд анхаараарай.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин