Франц иргэнийг дээрэмдсэн ноцтой хэрэг гарчээ

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо 15 дугаар байрны ... тоотод оршин суух Франц улсын иргэнийг гэмт этгээд хутга тулган гэрт нь авч ороод айлган сүрдүүлж, гар хөлийг нь хүлээд эд зүйлсийг нь дээрэмдсэн ноцтой хэрэг энэ сарын 7-ны орой гарчээ.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн бие бүрэлдэхүүн гэмт хэргийн халуун мөрөөр тасралтгүй ажилласны үр дүнд гэмт этгээдийг 72 цагийн дотор илрүүлсэн байна.
Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай Д овогтой О гэгч нь үйлдсэн байжээ. Гэмт этгээд баривчлагдах үедээ хохирогчийн дээрэмдүүлсэн IPAD, цахим карт, гар утас зэрэг зүйлсийг биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хурааж авчээ.
Дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу зөвхөн дээрэмдэн авахаар довтолсон айлган сүрдүүлснээр гэмт хэрэг үйлдсэнд тооцдог бөгөөд заавал эд зүйлсийг авсан байх болон хохирлын хэмжээг заагаагүй юм.
Хүнд хэргийн ангилалд багтдаг ба хүндрүүлэх бүрэлдэхүүн нь онц хүнд хэргийн бүрэлдэхүүнд ордог ноцтой хэрэг юм. Ял шийтгэлийн хувьд 5-20 жил хүртэл хугацаатай хорих ял оногдуулахаар хуульд заажээ.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын бие бүрэлдэхүүн нь гадаад улсын иргэн гэмт халдлагад өртсөн хэргүүдийг тухай бүрт нь илрүүлэн эзэн холбогдогчийг нь олж тогтоон ажиллаж байна. Он гарсаар Улаанбаатар хотод 2015 онд 12203 гэмт хэрэг гарснаас гадаадын иргэн өртсөн 84 хэрэг гарсан нь нийт гэмт хэргийн 0.6 хувийг эзэлж байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага 100 хувь илрүүлжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ