Жолооч бэлтгэж байгаа тогтолцоог өөрчилнө

Сүүлийн жилүүдэд зам тээврийн ослын тоо эрс ихсэж, ялангуяа зам тээврийн ослоос болж хүний амь нас үрэгдэх нь жилд 500-600 болж өссөн нь улсын хэмжээнд гамшгийн хэмжээнд хүрсэн тоо юм.
Тиймээс УИХ-ын гишүүн Г.Батхүү эл асуудлыг таслан зогсоох зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьж батлуулсан. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс зам тээврийн осол, хэрэг, зөрчил эрс буурч, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлага сайжирч байгааг албаныхан онцолж байна.
Тэгвэл зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэг гол хүчин зүйл нь хариуцлагатай чадварлаг сайн жолооч бэлтгэх явдал юм. Жолооч бэлтгэх автосургууль, курсүүдийг аттестатчилж сургалт явуулах зөвшөөрөл олгодог, тэдний үйл ажиллагааг хянадаг, эрхийг нь хаадаг, үйл ажиллагаа нь хязгаарладаг, тэр бүү хэл хууль бус шаардлага, элдэв болзол тавьдаг, шахааны бизнес хийдэг, айлгаж дарамталдаг, өөрөөр хэлбэл жолооч бэлтгэх үйл ажиллагааны бүх эрх мэдэл ганцхан байгууллагын цөөн хэдэн алба хаагчдад төвлөрсөн байсан нь авилга, хээл хахууль, шударга бус явдал цэцэглэн хөгжих үндэс суурийг бий болгож байсан юм. Энэ байдлаас шалтгаалан жолооч бэлтгэх үйл ажиллагаанд шударга бус өрсөлдөөн ноёлсоор олон жилийн нүүрийг үзлээ.
Шалгалтандаа арын хаалга, азаар тэнцдэг, дүрэм мэддэггүй, мэдсэн ч зөрчдөг, жолоодох ур чадвар муутай жолооч бэлтгэж байгаа энэ тогтолцоог хуулиар өөрчилж, жолооч бэлтгэх үйл ажиллагааг чанаржуулах үүднээс төрийн болон тухайн мэргэжлийн төрийн бус байгууллага хамтран зохион байгуулахаар хуульд тусгагдсан. Үүнд:
- жолооч бэлтгэх сургалт эрхлэх зөвшөөрлийг Хөдөлмөрийн яамнаас олгох;
- жолоодох эрхийн үнэмлэхийг цагдаагийн байгууллагаас олгох;
- жолооч бэлтгэх сургалтыг иргэн, аж ахуйн нэгж эрхлэн явуулах;
- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтыг тухайн мэргэжлийн төрийн бус байгууллага хариуцан явуулж болох.
Хууль санаачлагчид үүнийг жолооч бэлтгэх хамгийн зөв тогтолцоо гэж үзэн хуулинд тусгасан юм. Жолооны сургалт эрхэлж байгаа болон тухайн мэргэжлийн төрийн бус байгууллагын хүмүүс хариуцлагагүй, муу хүн байдаг мэтээр нийтэд зарлаад байгаа нь хэр зэрэг үнэнд нийцэх вэ гэдгийг онцлон анхаарсан.
Тиймээс жолоодох эрхийн шалгалт авах үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулахын тулд байнгын ажиллагаатай шалгалтын төвүүд ажиллах бөгөөд үйл ажиллагааны зардал нь улсын төсвөөс санхүүжихгүй, зөвхөн шалгалтын үйл ажиллагааны орлогоос санхүүжих тул шалгалт нь тодорхой хэмжээний төлбөртэй байгаа аж. Харин үүнийг хууль санаачлагчийн халаасанд орох гэж байгаа мэтээр нийгэмд ойлгуулж, хуулийн хэрэгжилтэд саад учруулсан үйлдэл хийхгүй байхыг тэрбээр хэллээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ