Ш.Алтантуяагийн талаар нэвтрүүлэг бэлджээ

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн цогцос 2006 оны аравдугаар сарын 19-ний өдөр Малайз улсын нийслэл Куала Лампур хотын нэгэн захын дүүргээс олдсон билээ. Мөрдлөгийн явцад бүсгүйн толгой руу буудаж, биед нь тэсрэх бодис зүүж дэлбэлсэн болохыг тогтоосон юм. Олныг цочирдуулсан энэхүү аллагын, гол захиалагч өнөөдрийг хүртэл баригдаагүй бөгөөд Малайзын улстөрчид, хэвлэлүүдийн ярьж, бичдэг гол сэдвийн нэг байсаар байна. Тэгвэл “Aljazeera” агентлагийн эрэн сурвалжлах албаны сурвалжлагч Мэри Энн Жоли гэгч Ш.Алтантуяагийн аллагатай холбоотой “Murder in Malaysia” буюу “Малайз дахь аллага” гэх нэвтрүүлэг бэлдэж, олны хүртээл болгожээ.
Тус агентлаг Ази-Номхон далайн бүс нутаг дахь хурц асуудлыг хөнддөг “101 East” нэвтрүүлгийн шинэ дугаараар бусдын гарт амиа алдсан монгол бүсгүйн талаар мэдээлж, дэлгэрэнгүй материалыг үзүүлжээ. 26 минут үргэлжлэх тус нэвтрүүлэг энэ сарын 10-нд цацагдсан бөгөөд тус агентлагийн “www.aljazeera.com” сайтад нийтлэгдснээс гадна “Youtube.com” сайтад байршуулжээ. “Малайз дахь аллага” нэвтрүүлгийг таван өдрийн дотор “Youtube.com”-ээс 629 мянган хүн үзэж, 325 сэтгэгдэл үлдээсэн байна.
Нэвтрүүлгийн үеэр аллагатай холбоотой хэмээн Малайзын Ерөнхий сайд Нажаб Разакийг онцолсон бөгөөд нэвтрүүлэг үзсэн хүмүүсийн ихэнх нь аллагын гол захиалагчийг Разакийг гэжээ. Энэхүү нэвтрүүлгийн дараа Ерөнхий сайдын хэвлэлийн алба “Aljazeera” агентлаг руу мэдэгдэх хуудас явуулж “Бусдын гарт амиа алдсан Ш.Алтантуяагийн аллагатай Ерөнхий сайдыг холбохгүй байхыг хүсье. Ерөнхий сайд энэ бүсгүйтэй ганц ч удаа уулзаж байгаагүй” гэж мэдэгджээ.
Аллагын дараагаас Малайзын сөрөг хүчин болон хэвлэлүүд Ерөнхий сайдыг энэхүү хэрэгтэй холбоотой хэмээн бичих болсон юм. Разак энэхүү аллагатай ямар ч хамааралгүй хэмээн хэд хэдэн удаа мэдэгдэж байсан ч иргэдийн дундах сөрөг бодлыг өөрчилж чадаагүй билээ.
Ш.Алтантуяа нь орос-англи хэлний орчуулагч мэргэжилтэй бөгөөд 2004 онд Хонконгт Малайзын Аюулаас хамгаалахын ажилтан, Стратегийн судалгааны төвийн захирал асан Абдул Разак Багинда гэгчтэй танилцаж байжээ. Тэд хагас жил хамтран ажиллаж, дараа нь хайр сэтгэлийн холбоотой болсон гэдэг. Багинда нь Нажаб Разакийн ойрын хүн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ