Бээжин давуу эрхтэй юу

Өнгөрсөн оноос хятадууд Өмнөд Хятадын маргаантай бүсэд нэвтэрч, улмаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн билээ. Тэгвэл хятадууд маргаантай аралд нисэх зурвас байгуулж амжжээ. Энэ талаар Америкийн “CNN” агентлаг мэдээлжээ.
Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд гуравт жагсдаг БНХАУ хөрш орнуудтайгаа үргэлж газар нутгийн маргаан дэгдээж, их гүрний “хүчтэй нь хүчгүйгээ ялна” гэх бодлоготой.
Бээжингийн эдийн засаг, арми нь улам бүр хүчирхэгжиж, нөлөө нь нэмэгдэхийн хэрээр хөрш зэргэлдээ улсуудтайгаа газар нутгийн маргаан хийх нь нэмэгдсэн. Тус улс Япон, Индонез, Бруней, Вьетнам, Малайз, Тайвань, Филиппин, Вьетнам зэрэг 20 гаруй улстай газар нутгийн маргаан дэгдээж, таагүй харилцаатай байдаг. Бээжин хотод энэ сарын 3-нд Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны 70 жилийн ойн баярт зориулж, цэргийн жагсаал зохион байгуулагдсан билээ. Парадыг нээж тус улсын дарга Си Зиньпин хэлэхдээ “БНХАУ хэзээ ч бусад улстай газар нутгийн маргаан хийхгүй. Бид хүчээр бусдын газар нутагт эзэн мэт суухгүй” гэсэн.
Тэгвэл Си даргын хэлэх, хийх хоёр зөрүүтэй болохыг баталсан үйл явдал боллоо. Учир нь олон зуун хятад ажилчид Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд бүтээн байгуулалтын ажил өрнүүлээд жил хагасын нүүрийг үзэв. Бээжингийн удирдлагууд Өмнөд Хятадын тэнгист бий болгосон олон тооны хиймэл арал дээрээ гурав дахь нисэх зурвасаа байгуулж, дууссан болохыг Филиппинийн Засгийн газраас мэдээлэв. “Хиймэл дагуулаас авсан зургаас харвал Спартли цуваа арлын хэсэгт 3000 метр нисэх зурвас барьжээ. Хэмжээгээрээ 1500 хөлбөмбөгийн талбайтай тэнцүү” гэж Азийн далайн тээврийн удирдах газрын дарга Грег Полинг мэдэгджээ. Филиппинийн удирдлагууд “Бээжин газар нутгаа тэлэх бохир бодлого явуулахаа боль” гэв.
Бээжин хиймэл арлууд дээрээ хэдийнэ усан онгоцны боомт, хоёр нисэх зурвас байгуулж амжжээ. “Эдгээр нисэх зурвасууд ашиглалтад орсноор Бээжин, Өмнөд Хятадын тэнгисийн агаарын орон зайд хяналт тавих боломжтой болно” хэмээн Пентагон мэдэгдэв. Өмнөд Хятадын тэнгис дэх бүтээн байгуулалт өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхэлсэн ч бүтээн байгуулалтын талаарх мэдээ, мэдээллийг задруулахыг Бээжингийн удирдлагууд хатуу хориглосон билээ. Спартли цуваа арлыг өөрийн эзэмшлийнх гэгддэг Филиппин, Вьетнамын удирдлагууд Бээжингийн бүтээн байгуулалтыг эсэргүүцэж, тайлбар хийхийг нэг бус удаа шаардаж байсан.
Филиппин, Өмнөд Хятадын тэнгис дэх газрын тос, байгалийн хийн олборлолт хийдэг хэсгийн ойролцоо Бээжингийн ажилчид бүтээн байгуулалтын ажил хийж буйг буруутгаж, эзэмшлийн бүсэд нь нэвтэрсэн тохиолдолд сануулга өгөхгүйгээр гал нээхээ мэдэгдсэн. Вьетнам Спартли арлууд, Параселийн арлууд болон Тонкийн булангийн асуудлаас болоод 1979 онд БНХАУ-тай байлдаж байсан юм.
Одоо ч гэсэн Спартли арлуудыг тойрсон газар нутгийн маргаан үргэлжилсээр байгаа. Хэдийгээр эдгээр арлууд нь байнгын оршин суугчгүй, жижиг ч гэлээ эзэмшиж байгаа улсууд нь цэргийн хүчээ байрлуулах замаар бүс нутгийн далайн тээврийн гол замуудыг хянах боломжтой аж. Ялсан улс нь далайн тээврээс өдөрт хэдэн саяыг халааслах боломжтой. Мөн энэхүү газрын ойролцоох усан доор ихээхэн хэмжээний байгалийн хий, газрын тосны нөөц байдаг бол усанд нь их хэмжээний загас агнуурын нөөц бий гэдгийг тогтоосон. Энэ орчмыг аль нэг улс нь өөрийн эзэмшилдээ багтаахын тулд 100 гаруй жилийн турш маргалдсаар байгаа ч сүүлийн хэдэн жил Бээжин арай давуу эрхтэй болж буй тухай Цагаан ордноос мэдэгдсэн билээ.
Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор Си дарга, Обама нар ярилцахаар болжээ. Си дарга тун удахгүй АНУ-д төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлал олон улсын анхаарлыг татаж байгаа бөгөөд кибер халдлагын асуудлаас болж Си дарга айлчлалаа цуцалж болзошгүй хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байгаа. Цагаан ордон саяхан кибер халдлагад өртөж, улсын нууцын зэрэглэлтэй материалаа хакеруудад алдсан. Эдгээр хакеруудыг хятадууд үйлдсэн хэмээн Цагаан ордон мэдээлж, тус улсын эсрэг хориг тавихаа сануулаад байгаа юм. Сүүлийн үед БНХАУ, ОХУ хоёр дотно нөхөрлөх болсон Путин, энэхүү айлчлалыг зогсоохын тулд хөдөлж эхэлснийг америкийн улстөрчид мэдэгдээд байгаа билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ