“Төр, түмний буяныг эдлээд сайхан байна”

img

“Асрамжийн газар гэхээр л “аргагүй дээ” л ирсэн хүмүүс байдаг байхдаа” гэж тээж ирсэн бодлыг буйдхан суурин үгүйсгэж угтлаа. Цэнхэр, улаан, ягаан, саарал  дээлээр гоёсон ахмадууд цэгцтэй гэгч нь эгнэн суусан нь, намуухан бороо шивэрч байснаа тэгс гээд л намдаж, нар дулаахан ээх нь хүртэл огтоос буй бүхэн нь эрхгүй сэтгэл татаж тослоо.  Гурван давхар жижигхэн цэнхэр байшинд 124 ахмад амьдардаг. 124 ахмад өнөөдөр зураг шиг ижилсээд гоёчихож...Хүүхэд шиг хөөрч байгаа нь “Дарга ирчихэж, Нээлт эхэллээ” хэмээх үгсээс нь илт.

 

Батсүмбэрийн гэх тодотголтой ахмадын асрамжийн төвийн 90 жилийн ойн баярыг зорьж 120 км газар 2 цаг гаруй  давхисааар ирэхэд ийм л дүр зураг нүдний өмнө  илхэн байсан юм. Бороо орсныг ч хэлэх үү бүх юм цаанаасаа л нэг гэгээн тунгалаг.

 

Он цагийн шаргал тоосонд өнгө нь бүдгэрсэн жижигхэн цэнхэр байрныхаа үүдэнд, олон олон өдрүүдийг хамтдаа элээж орчлонгийн хяруунд өтөлсөн буурлууд үнэхээр л сэтгэл дүүрэн жаргалтай байна уу гэлтэй  гэрэлтэж “Мичидийн зургаан гялаан”-аар миний  буулгасан зураглалыг эсрэгцүүлж байлаа.

 

“Өө дарга гараад ирлээ. Сайд ирж байна” гэхдээ тэд хүүгээ ирэхийг хүлээж байсан шиг баярлаж байв. Л.Төмөрчөдөр даргыг хөгшчүүд ихэд хүндэлдэг юм билээ. Баярыг нээж үг хэлэхээр тайзан дээр түүнийг гарахад алга нижигнүүллээ.

 

Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийн өргөтгөл, Ахмадын нөхөн сэргээх сувиллын байр баригдаж байгаа. 11 дүгээр сарын сүүлчээр бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дуусч, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсны үйл ажиллагааг явуулж эхлэнэ. Нэг ээлжиндээ 200-250 хүн хүлээн авах хүчин чадалтай учраас ахмадуудад үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний чанар сайжирч, хүртээмж өргөжинө гэдгийг асрамжийн төвийн дарга Л. Төмөрчөдөр хэлж байсан юм.

 

ХАХНХ-ын сайд С. Эрдэнэ асрамжийн төвийн ажилчдыг тэргүүний ажилтан цол, яамны жуух бичгээр шагнаж эхлэхэд “Энэ хэдийг минь ингээд нэг шагнах өдөр ирдэг байжээ. Ашгүй минь гэж” хэмээн хойно суусан  хоёр эмээ ярилцана. Тэргүүний ажилтан цол тэмдгээр асрамжийн төвийн бага эмч н.Чимгээ, оёдолчин Д. Даваажав, сувилагч Б. Бондоо гээд ерөөс угаагч, манаач, галч...хэнийг  ч үлдээсэнгүй шагналаа. Хоёр эмээгийн ярианаас сонсох нь ээ  эндхийн ажилчид энэ зэргийн шагналыг авах л учиртай хүмүүс гэнэ.

 

Үндэсний хэмжээнд ахмадын асрамж, үйлчилгээний болон нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээний цогц төвийг бүсчилсэн байдлаар байгуулахаар төлөвлөн ажиллаж эхэлсэн. Батсүмбэр сумын  асрамжийн  төв цаашдын ажлын эхлэл  болж байгааг сайд С. Эрдэнэ нээлтийн үеэр хэлж байлаа. Хангайн бүсийн асрамжийн төвийг Хөвсгөл аймгийн Хатгал  суманд байгуулахаар ажиллаж эхэлжээ.

 

Шинээр баригдаж байгаа нөхөн сэргээлтийн сувиллын төв болон өргөтгөлийн байранд ахмадууд түрээсээр амьдрах эсэх талаар  Л. Төмөрчөдөр даргаас тодруулахад “ Нөхөн сэргээлтийн сувилалд ахмадууд тодорхой хэмжээний төлбөртэй, нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлттэйгээр амьдрах, эмчлүүлэх хэлбэрээр хамрагдана. Харин ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв маань үйл ажиллагаагаа  хэвийн явуулна” гэдгийг хэлж байлаа.

 

Н.Гомбо  гэх ахмад настантай  хэсэг хуучилж, энд амьдрах нөхцөл боломж хэр байгааг сонирхохоод “Юу асууж байгаа хүүхэд вэ?” гэсэн байртай харцаар өөдөөс  сүрхий том харснаа “ Сурвалжлагчид их сонин асуулт асуух юм. Асрамжийн газар гэхээр л дорд орчихсон байдаг гэж хүнээс дам сонсоод буруу ойлгочихсон явдаг юм уу. Энд бол үнэхээр жаргалтай гэдгийг л хэлье. Төр, засгийн буян, түмэн олны буяныг эдлээд сайхан байна” хэмээн ундуйцангуй хариулсан юм.

 

Үнэхээр л тэд энд сэтгэл тэнэгэр, санаа амар амьдарч байна. Ойн баярт зориулан ажилчид нь дээл оёж өгсөн гэнэ, ээтэн буриад, хээтэй монгол, цагаан ултай гутлын улнууд гялалзаад л буурлуудаа ёстой л бүлтийтэл нь гоёжээ. Өөрийн хийсэн  сайн зүйлээр бардамнаж явснаас бусдын бүтээсэн сайхан үйлээр бахархаж сурах хэрэгтэй гэдэг. Хөл хүндтэй бүсгүйд дуртай дургүй суудал тавьж өгснөө л хүн чанар гэж бодож явснаас биш хүний төлөө би өөр юу хийлээ гэж бодохоор Батсүмбэр дахь ахмадын асрамж хөгжлийн үндэсний төвийн удирдлага, ажилчдад баярламаар.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gg:
aav eejiigee l nas deer garahad n harj hamgaalj bhiig buh hunees husie
2015-09-18