Хөлчүүрч, машин шатаах хүртлээ ялзарсан НАМЗХ-ны залуус

-НАМЗХ-ныхон өнгөрсөн амралтын өдрүүдэд Говь-Алтай аймагт чуулжээ-
МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны залуус Говь-Алтай аймагт чуулган зохион байгуулах нэрээр архидан согтуурч яваад машинаа шатаасан гэх мэдээлэл гараад буй. Энэ мэдээллийг МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас үгүйсгэж байгаа юм. Тэр бүү хэл уг чуулганыг наймдугаар сард болсон байх хэмээн булзайруулсан.
Тэгвэл "Алтай таньдаа зүтгэе" уриан дор Алтайн эрин сан, Говь-Алтай аймгийн НАМЗХ-той хамтран 1000 залуусын чуулга уулзалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 11-13-нд зохион байгуулсан баримтыг хүргэж байна.
Тус чуулга уулзалт гурван өдрийн турш үргэлжилжээ.
1000 залуусын чуулга уулзалтын нээлтэд НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн оролцож “Монголын залуусын зүрхэнд, тархинд Монгол эх орны минь ирээдүй зураастай… Улам гоё зурцгаая, залуус аа. Бидний өмнө яг адилхан тулгарч буй боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хөгжил дэвшлийн шалгуур, сорилтуудыг #БидХамтдаа давж чадна. Энэ бүгдийг шийдэхийн төлөө та бүхэнтэйгээ илүү ойртож ажиллаж байгаа маань энэ” хэмээсэн байна.
Монгол орныхоо ирээдүйг улам гоё зурцгаая гэсэн залуус маань чуулган нэртэй архидан согтуурах үйл ажиллагаагааныхаа үеэр хоорондоо муудалцаж улмаар эл явдал болсон гэдгийг эх сурвалж хэлж байв. Шатсан машин нь Эрдэнэ сумын жолооч иргэн А-гийнх гэнэ. Жолооч А нь чуулганд оролцсон залуусыг өөрийн “Истана” маркийн машинаар зөөвөрлөж явжээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад “НАМЗХ-ны залуус Говь-Алтай аймагт чуулсан нь үнэн. Тэр үеэр нэг машин шатсан” гэлээ.
Машин шатах үед хаалганы бариул хайлж, онгойлгох боломжгүй болсон тул хүмүүс цонхыг нь хагалж гарцгаажээ. Азаар хүний амь нас хохироогүй байна. Сум бүрээс залуусыг оролцуулж чуулах нэрийдлээр гурван өдөр шоудуулсан гэнэ. Эл асуудлыг ихээхэн нууцалж байгаа аж.
Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоо гэж ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм бэ. Монголын ууган намын дэргэдэх залуучуудын байгууллага атлаа даргынх нь суудал байнга хэл ам, хэрүүл маргаан дунд өрнөж, тэр, энэ фракцын хүн хэмээн өөр хоорондоо хөлөө жийлцэж, би чамаас том, чи хэн бэ гэхчлэн “уралцаж” даргын суудалд шунан дурлагсадаар дүүрсэн газар болоод удаж байх.
Энэ холбоонд бизнесмэн, намынх нь лидерүүдийн хүүхдүүд багтдаг гэх. Нэг ёсондоо сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ гэгчээр аавынхаа нөмөр нөөлөг дор өсч өндийж буй “ангаахай”-нуудын үүр уурхай болчихжээ, НАМЗХ. Шударга өрсөлдөөн, бор зүрхээрээ бизнес хийгээд явах насны залуус эрх мэдэл, албан тушаал, хялбар аргаар мөнгө олох гэж улайрч, арцалдаж байна гээд хэлчихэд хилсдсэн болохгүй биз ээ.
НАМЗХ-нд шургалж ороод лидер болвол шууд дарга сайд болдог гээд ойлгочихсон залуус олон болжээ. Товчхондоо, МАН-ын удирдах албан тушаалтан, сайд дарга болох эхний шат, бэлтгэл анги нь болж хувирсныг өмнөх даргуудын жишээнээс бэлхнээ харж болох.
Энэ талаар НАМЗХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2016 оны сонгуулиар их олон тойрог суларч байгаа. Спортынхон дотор үе шилжилт явчихлаа гэдэг шиг улс төр дотор үе солигдох том мөчлөг ирсэн. Үүнийг бүгд мэдэж байгаа. Энэ цаг хугацаан дээр цэвэр улстөрчид нь улс төрийг авч явах уу эсвэл тодорхой бүлэглэлүүд улс төрөөр дамжуулж төрийг барих уу гэдэг асуудал яригдаж байгаа. Үүний эхлэл өнөөдөр эрчимжиж байна. Шууд хэлбэл 2016-2024 он хүртэлх тэр дундаа МАН доторх улс төрийг хэн барих вэ гэдэг тэмцлийн эхлэл нь НАМЗХ-ны даргын төлөөх тэмцэл юм” хэмээж байсан юм.
НАМЗХ-Намаа ашиглан мөнгөжих залуучуудын холбоо хэмээх хошигнол хүртэл гарчээ. Хэдийгээр энэ хошигнол ч гэлээ албан тушаалын төлөө амиа ч өгөхөөс буцахгүй улайрч байгаа мөнгөтэй эрхмүүдийн тэмцлийг харуулсан, нөгөөтэйгүүр тус холбооны дээд байгууллага болох МАН-ын доторх ялзралыг харуулсан том эрх ашиг явж байна шүү дээ, энд.
Г.Нэргүй
эх сурвалж: www.eagle.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ