Би зураглаач бүсгүйг уучилсан

Энэ сарын эхээр Унгарын дүрвэгсдийн хуарангаас олон мянган дүрвэгч зугтааж, эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ. Хүүгээ тэврээд гүйж байсан нэгэн дүрвэгчийг Унгарын “N1” телевизийн зураглаач Петра Ласзло дэгээдэж, унагаасан юм. Тэгвэл дэгээдүүлсэн Осама Абдул Мохсен Испанид очсоноос гадна ажилтай болжээ. Тэрбээр Испанийн үндэсний хөлбөмбөгийн Кенаф төвд дасгалжуулагчаар ажиллахаар болсон байна. Түүнтэй “CNN” агентлагийн сэтгүүлч Тим Листер ярилцжээ.
-Танд баяр хүргье. Та ажилтай боллоо?
-Үнэхээр итгэж чадахгүй байна. Зүүд биш байгаасай хэмээн залбирч сууна. Хэдхэн хоногийн өмнө би хэн ч биш байсан. Одоо хөвгүүддээ илүү баталгаатай амьдрал бэлэглэх боломжтой боллоо.
-Та хөлбөмбөгийн дасгалжуулагч. Хэдэн жил мэргэжлээрээ ажиллаж байна?
-Ухаан ороод л хөлбөмбөгийн талбайд хамаг цагаа зарцуулсан. Сири улсад иргэний дайн дэгдэх хүртэл дасгалжуулагчаар ажилладаг байлаа. Нэг л өдөр бүгдийг алдсан.
-Та одоо гэр бүлийнхээ хамтаар Мадрид хотод амьдрахаас гадна Испанийн үндэсний хөлбөмбөгийн сургалттай Кенаф төвд дасгалжуулагчаар ажиллах болно. Өнгөрсөн дурсамжаа мартах амаргүй л байх. Хэзээ Сирийг орхин гарав?
-Баярлалаа Мадрид, баярлалаа Испани. Миний мөрөөдөл биелсэн. Би Сирийг өнгөрсөн оны долоодугаар сард орхин гарсан. Загас агнуурын завинд суугаад л олон хоногийг усанд өнгөрүүлсэн дээ. Германд очихын тулд амь насаа эрсдэлд оруулсан. Бурхны авралаар одоо жаргалтай байна. Намайг ажилтай болгосон Мигуэл Ангел Галандад баярлалаа.
-Унгарын цагаачдын хуарангаас зугтаах үед таныг нэгэн телевизийн зураглаач дэгээдсэн. Энэ тухай?
-Эмэгтэй хүн хүнлэг байх ёстой. Тэр эмэгтэй хүүгээ тэврээд гүйж буй намайг дэгээдсэн. Би “Яагаад ингэж байгаа юм бэ” хэмээн асуухад тэр эмэгтэй юу ч хэлээгүй. Хүн бусдыг өршөөх, уучлах сэтгэлтэй байх ёстой.
-Дэгээдүүлсний дараах таны зураг интернэтэд түймэр мэт хүчээ авсан. Та хүүгээ чангаас чанга тэврээд уйлж байсан?
-Бид ч гэсэн хүн. Бид амьдрахын тулд харийн нутагт ирсэн. Бид хангалттай шударга бус зүйлийн золиос болсон. Хүүгийнхээ инээж буй төрхийг харахын тулд үхэлтэй нүүр тулсан. Миний хөвгүүд сайхан амьдарч байвал үхсэн ч харамсахгүй. Гэхдээ би тэр зураглаач бүсгүйг буруутгахгүй. Одоо мартаж, маргаашийнхаа төлөө амьдрах болно.
-Сирийн тухай таны бодол?
-Дайн болон террорист этгээдүүдийн хөлд сүйдэж буй эх орноо бодохоор л нулимс минь урсдаг. Миний эх орон ямар сайхан байлаа. Миний амьдралын утга учир эх орон минь байсан. Миний сайхан эх орон. Миний сайхан эх орон. Дэндүү харамсалтай юм. Миний сайхан эх орон. /Уйлав/.
-Муухай дурсамжаа мартаад одоо сайхан амьдрахыг хүсье?
-Баярлалаа. Надад боломж олгосон хүмүүсийн төлөө хичээх болно. Би зураглаач бүсгүйг уучилсан. Энэ бол үнэн. Үнэхээр уучилсан. Дэгээдүүлээд унаж байхдаа “бурхан гэж байдаггүй бололтой” гэж бодож байлаа. Үгүй ээ, бурхан гэж байдаг юм байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ