“Үнэгүй юм”-ны үнэ

Ийгл ТВ-ээр “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой шүүх хурлыг шууд дамжуулсан болон “Экскльюзив” гэдэг компани татварын газартай маргаж байгаа талаараа шууд мэтгэлцсэнтэй холбоотойгоор нийгмийн сүлжээгээр олон хүмүүс үзэл бодлоо илэрхийлцгээж байна.
Энд би хэн гэм буруутай талаар биш манай нийгмийн нийт олонх төдийлөн анзаарахгүй байгаа суурь үндсэн асуудалд анхаарал хандуулаасай гэж хүслээ.
Нэг ийм пост олж уншсан юм.
“Чөлөөт зах зээл бол бурхан эсвэл сахиусан тэнгэр. Ёс бус зүйл хийвэл тэр хэзээ нэгэн цагт хариугаа авдаг” гэж либертариуд үздэг. “Нүүрс” хөтөлбөр, “Экскльюзив” компани хоёрын асуудлын нийтлэг зүйл нь “төрийн оролцоо”.
Үнийг барих гэж оролдох эсвэл төрөөс “урамшуулал” олгох, хөнгөлөлттэй зээлээр тэтгэх зэргийн үр дүн аажимдаа дандаа сөрөг байдаг. Ийм оролцоо манайд хавтгай бий. “Үнэ тогтворжуулалт” хийсэн бүх салбар, бизнес эрхлэгчид, хэрэглэгчид үүнийхээ төлөөсийг одоо төлж байна. Үнэ тогтворгүй байх нь бараг жирийн зүйл. Харин татвар, хуулийн орчин тогтвортой байх ёстой. Үнэ бол өртгөөр биш, улс тогтоодог нь бүр биш. Эрэлт нийлүүлэлтийн балансаар тогтдог.
Гурил, буудай, бензин, барилга орон сууц, банк, ...мал мах гээд бод доо. Хувьд шилжээд 20-оод жил болж байгаа гэгддэг салбарууд. Улсаас, бондоос...
Эрүүл мэнд, эрчим хүч, боловсрол бол бүр өдий. Зах зээлгүй, борлогддоггүй “үндэсний үйлдвэрлэл”-ийг бид бондоор санхүүжүүлэн “босгосон”.
Урамшуулал авч, тэтгүүлж байх сонирхол ТОП гэгдэж байгаа бизнесмэнүүдэд нь байгаа цагт бид зах зээлд бүрэн шилжсэн гэж хэлж болох уу. Улсаас хөнгөлөлт урамшуулал авсан ТОП компанийн захирлууд автобусанд үнэгүй зорчихыг хүсч буй оюутнууд агаар нэг. Цаг үеэ зөв ухаарч, түрүүлж харсан байх ёстой нийгмийн энэ давхарга нь ийм байхад бид капитализм байгуулж чадах уу.
Үнэгүй юм хамгийн үнэтэй тусдаг. Уг нь өрсөлдөх чадвартай болох хамгийн дөт зам бол чөлөөт зах зээл юм.
Шүүх хурлын хувьд бол улсын яллагч, “хохирогч”-ийн өмгөөлөгч нар арай арай л байна лээ.
У.Молом
СЭТГЭГДЭЛ БИЧИХ