Майцэцэгтнүүдийн өрийг бид төлөх гэж үү

“Exclusive” брэнд гэдгийг Монголчууд сүүлийн хэд хоногт л таньж, бас нэрийг нь хэлж чаддаг болсон гэхэд хэтийдсэн болохгүй болов уу. Гадаад нэртэй ч монгол хүний бий болгосон брэнд нэгээр нэмэгдсэн нь сайшаалтай. Гэхдээ иргэдийг хууран мэхлэх замаар сурталчилгаагаа явуулсан нь тун тоогүй. Өөрөөр хэлбэл, сурталчилгаагаа их л увайгүй, муухай аргаар явууллаа.
Өдгөөгөөс жил зургаан сарын өмнө “Монголд массын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Төр засгийн үрэлгэн загнаж байгаад харамсаж байна. Эх орны хишиг нэрээр иргэн бүрд 21 мянган төгрөг тарааж өгсөн нь маш буруу. Нэг хүнд очиж байгаа мөнгө нь бага боловч улсын төсөвт нэлээд дарамт болсон. Түүний оронд үйлдвэр барьсан бол жинхэнэ нүдээ олсон ажил болох байлаа” гэж энэ салбарыг сайн мэддэг хүний дүр эсгэн ярьсаар олны танил болон гарч ирж байсан Г.Майцэцэг гэх бүсгүй үнэхээр овжин хүүхэн юм.
Монголын шилдэг гэгддэг залууст хүртэл лекц уншаад амжсан тэрбээр сургуулийн сурагч байхдаа Польш улсыг зорьж тэндээ сурч, улмаар хувцасны наймаа эрхэлсэн гэх. Наймаачин хүний арилжаа хийхдээ ярьж хэлдэг үгийг эвтэйхэн, эрэмбэ дараатай, дээр нь гадаад ажиллаж амьдарч юм үзэж нүд тайлсан хүний зүгээс хачирлаж ярьсаар Чингис бондоос 750 сая төгрөг аваад амжсан адтай нэгэн. Тэрбээр өмнөх Засгийн газрын тэргүүнд “шувуу болгонд үг дайгаад...” гэдэгчлэн мессеж бичсээр байж. Гэтэл нэг өдөр Н.Алтанхуяг утасдаж “Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллаж байгаа. Танай компанитай очиж танилцана” гэж. Ингээд шуудхан хэлэхэд 750 сая төгрөгийн зээл нь бүтчихсэн гэсэн үг. Гэтэл түүний бизнес бүтэлгүйтэж гадаад руу хувцас экспортлох гэж байсан хөг нь өнгөрч, улмаар ажилчдынхаа цалин, сарын татвараа ч төлж чадахгүйд хүртлээ бүтэлгүйтсэн гэх.
Эндээс нэг зүйлийг эргэцүүлж бодох хэрэгтэй. Г.Майцэцэгээс илүү ажиллаж байгаад нь Чингис бондоос хэлтэрхий ч олдоогүй байдаг юм билээ. Түүнээс илүү гэхийн учир нь загвар хөөсөн хэдэн хувцаснаас илүү үр ашигтай үйлдвэрлэл явуулдаг бизнесменүүд өч төчнөөн бий. Гэтэл тэднийг тоож хараагүй хэрнээ мессеж бичсэн хүүхэн рүү залгаад л...
Өчигдөр Шийдлийн Засгийн газрын тэргүүн нөгөө Г.Майцэцэгийг өрөөндөө дуудчихсан төрийн агентлагуудын дарга нартай зэрэгцүүлж суулгаж байгаад дарга нараа баахан загналаа. Харин тэрбээр ичиж эмээхийн оронд бүр ч даам гарч “ Энэ асуудал маань явсаар байгаад хоёр авгайн хэрүүл болчихож байгаа юм” ч гэх шиг сонин юм ярьж сууна лээ. Тунхуутай цай дундаа тавиад, хов базаж суудаг ажилгүй авгай нар эгээ л биш байлтай.
Чингис бондоос дээрх хэмжээний мөнгийг авч байхдаа тэр төр засгийн бодлого шийдвэрийг тун ч магтан дуулж байсан даа, уг нь. Тэгээд эрсдэлээ ч тооцохгүй, баруун солгойгүй цацаж, гадаадад бараа бүтээгдэхүүнээ экспортолно гэх зэрээр сэрүүн зүүдэлсээр эцэстээ өрийн далайд уначихаад амь тавин живэхийнхээ даваан дээр ядарсан хэдэн иргэдээр доог тохуу хийж “бүтээгдэхүүнээ ард иргэдэд үнэгүй тараана” гэж сенсаацласан. Тэгээд төр засгаа шүүмжилж “Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийн оронд татвараар дарамталж, санхүүгийн хүнд байдалд оруулж байгаа учраас дампуурлаа зарлана” гэх зэргээр дүвчигнэсэн нь ховоор ажлаа явуулдаг эрхмүүдийн сонорт хүрч амжиж. Ингээд Ерөнхий сайдынхаа өрөөнд хөл тавиад авах нь тэр.
Тэрбээр “Exclusive” брэндээ 2009 онд нээсэн гэх ч өнөөдрийг хүртэлх таван жилийн хугацаанд хэрхэн ажилласан нь бас л бүрхэг. Ийн хэлэхийн учир нь ядаж хөрш зэргэлдээ орныхоо зах зээлд ч танигдаагүй байдаг юм билээ.
Сэтгэхүйгээрээ тоглуулсан ч уужуу тайван монголчууд түүний талаар “Ажил хийж, амьдрал өрнөж байхад алдаа оноо аль аль нь байх л зүйл” гэж бодон тайвширч байхад тэрбээр бас л эрээгүй авирлаж “Ном үнэгүй тараасан бол манайхан ингэж цуглахгүй дээ” гэж жиргэн ард иргэдийн сэтгэл рүү ус цацаж орхив . Тэрбээр нэгэнтээ “Наймаа хийнэ гэдэг хүний сэтгэлийг олох юм” гэсэн байдаг. Наймаа гэдэг үнэхээр л тийм байдаг. Наймаачид хүнээс ганц төгрөг ч боловч илүү авахыг бодохоос зүгээр юм өгч алгыг нь тэнийлгэнэ гэдэг ёстой “Зангууны үлгэр”.
Эцэст нь өгүүлэхэд Монголд ямар ч компани ““Еxclusive -ийн нэгэн адил татварын дарамтанд үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ тайлангаа хийж чадахгүй энэ мэт нь ховор биз. Тэгэхээр Чингис бондоос авсан зээлээ мань мэтээр төлүүлэх гэж байгаа Майцэцэгтэнгүүдийг даврааж Дагва гуайн орон дээр гаргах хэрэггүй.
С.Цээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ