Хаалганы гадна үлдсэн багачууд ”эзэнтэй” болно

img

 

Сая хол давсан хүн амтай нийслэл хотод  хүүхдийн цэцэрлэгийн асуудал толгойн өвчин болсон. Жил жилийн намар цэцэрлэгт хүүхдээ хамруулах гэсэн эцэг эхчүүдийн урт цуваа энэ жил ч гэсэн хэвээр үргэлжилж, хүүхдийг  нь сугалаагаар бүртгэхдээ хүрсэн.

 

Ер нь 1.5-5 насны хүүхдийн өсөлт,  тэдэнд боловсрол олгох  цэцэрлэгийн барилгын тоо урвуу хамааралтай явсаар удаж буй. Тиймээс жилийн жилд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй хаалганы гадаа үлдэж байгаа багачуудад зориулсан “Хүүхэд харах үйлчилгээний төв”-үүд ирэх оноос албан ёсоор нээгдэж, тэд маань харж хандах "эзэнтэй" болох нь ээ.

 

Энэхүү “Хүүхэд харах үйлчилгээний төв”-д 1.5-3 хүртэлх насны хүүхдүүдийг харах юм. Тэгвэл өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян 7-6 байрлах “Хүүхэд харах үйлчилгээ”-ний загвар төвтэй танилцлаа.

 

Гэр хорооллын дунд байрлах тус төвийн хашаагаар ороход  хүүхэлдэйн киноны баатруудын дүртэй зурагт самбар, бяцхан хүүхдэд зориулсан гулсуур зэрэг угтав. Хашаан дахь байшин руу ороход үүднээсээ л хүүхдийн эдлэл хэрэгсэл, жижиг тавиур, тоглоом байрлуулж, ая тухтай, сонирхол татам ажээ. Хүүхэд харах үйлчилгээг эрхлэхээр сард 350 мянган төгрөгөөр түрээсэлсэн уг байшин гурван өрөө бүхий 60 м2 хэмжээтэй юм байна.

 

Энэхүү  үйлчилгээг 18-65 насны ямар ч хүн эрхлэх боломжтой гэдгээрээ ажлын байрыг олноор бий болгох боломжтой. Энэ төрлийн үйлчилгээг эрхлэх иргэд зориулалтын байшинд болон өөрийн гэртээ хэрэгжүүлж хийж болох аж. Гол нь хүүхдүүдэд зориулсан тусгай өрөө гаргах шаардлагатай юм байна.

 

Бидний очсон загвар төвд тухайн гудамжинд өөрийн хүүхдээ гэртээ харж суусан гурван ээж ажиллаж байсан гэнэ. Тэд 1.5-3 насны өөрсдийн гурван хүүхэд дээрээ хөршүүдийнхөө 12 хүүхдийг харж өгөн Хүүхэд харах үйлчилгээний төвийн туршилт ажлыг хийсэн байна.

 

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд “Нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй. Гурван иргэн хамтраад нэг дор 15 хүүхэд харж болно. Хүүхэд харах багш 14-30 хоногийн түргэвчилсэн сургалтад хамрагдаж, сертификат авна” гэж заасан. Энэ хүрээнд ээжүүд  15 хүүхдээ гурван өрөө бүхий энэ байранд харжээ.

 

10 дугаар хорооны хувьд цэцэрлэгийн насны 700 гаруй хүүхэд байдаг. Гэтэл 150 хүүхдийн ганц л цэцэрлэгтэй юм байна. Ийм нөхцөл нийслэлийн бүх дүүрэг, хороонд байдаг учраас Хүүхэд харах үйлчилгээг хүртээмжтэйгээр хэрэгжүүлэх шаардлага урган гарч байна.

 

 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэхдээГадаадад нэг ангид 30-40 хүүхэдтэй хүлээн авч, социализмын үеийн казармчилсан цэцэрлэг байдаггүй. Хамгийн ихдээ 10-15 хүүхэдтэй маш жижигхэн төвүүдээр  1.5- 3 нас хүртэлх Хүүхэд харах үйлчилгээний асуудлыг шийддэг. Бид нар ч гэсэн энэ замаар явах ёстой.

 

Өнөөдөр 2 настай хүүхдийг цэцэрлэгт  хамруулахад 30-40  хүүхэдтэй анги угтдаг. Гэтэл тэднийг ердөө 2 -хон хүн харж байгаа. Хүүхдүүдийн нэг нь ханиад хүрэхэд бүгд ханиалгадаг. Тэгвэл 5-хан хүүхдийг гэрээрээ нь нэг хүн харах  нь илүү найдвартай илүү аюулгүй эрүүл орчинд өсгөх боломжтой.

 

Өнгөрсөн хугацаанд энэ загвар төвийг хоёр сар шахам ажлуулсан. Гурван ээж маань уг нь тус тусдаа өөрсдийн хүүхдээ хараад гэртээ сууж байсан. Тэгвэл эндээ хүүхдээ хараад, хөршүүдийнхээ хүүхдийг харж өгөөд цалин аваад ажиллах нь маш их таалагдсан гэж байгаа. Нөгөө талаар цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан 12 хүүхдийн маань эцэг эх ч сэтгэл хангалуун байсан.

 

Улсаас хүүхэд харах үйлчилгээний мөнгийг гаргаад эцэг эхчүүдийн өгсөн мөнгөөр багш нараа цалинжуулна гэсэн хэдий ч эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолны мөнгийг өгөх ёстой. Тодруулбал, цэцэрлэгийн хүүхдийнхээ  хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхчүүд даах ёстой гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол улс цэцэрлэгийн хүүхдийн хоолын мөнгийг даахгүй хэмжээнд хүрээд байна. Энэ утгаараа  хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхчүүд нь дааж, хүүхэд харж байгаа тухайн  иргэний цалинг улс даах ётсой юм байна гэдгийг журмаа боловсруулах явцдаа гаргана.

 

Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 113 мянган хүүхэд байгаагийн 78 хувь нь энэ жил цэцэрлэгт хамрагдсан гэх тооцоо бий. Харин үлдсэн 20 орчим мянган хүүхэд гэртээ цоожлогдох, ах дүү хамаатан садныхаар өнжиж байна. Тэгвэл Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхэлснээр эдгээр хүүхдүүдийн 60-70 хувийн асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэлээ.

 

Одоогоор хүүхэд харах үйлчилгээ эрхлэх багш нарын сургалтын хөтөлбөрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд боловсруулж байгаа юм байна. Энэ хөтөлбөрийг нэгдүгээр сарын 1 гэхэд бэлэн болгож танилцуулаад багшлах эрх авах иргэдэд  7-14 хоногийн хугацаанд бэлтгэх аж. Харин иргэд хүүхэд харах орчноо Мэргэжлийн хяналтын газраар шалгуулж үйлчилгээ явуулах зөвшөөрөл авах ажээ.

 

2016 онд Хүүхэд харах үйлчилгээнд зориулан 42 тэрбум төгрөгийг зарцуулна хэмээн төлөвлөөд байгаа аж. Энэ мөнгөөр цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой  бөгөөд хүүхэд харах үйлчилгээнд зориулсан хүүхдийн хоолны зардал болох 50-80 мянган төгрөгийг эцэг эхчүүд өөрсдөө даана. Харин хүүхэд харж буй багшийн цалинг улсаас гаргана. Ингэхдээ нэг багшид 450-500 мянган төгрөгөөр бодож олгох юм байна.

 

Гэр хороололд хувийн цэцэрлэгийн ханш 150 мянгаас эхэлдэг бөгөөд эцэг эхчүүд хүүхэд харах үйлчилгээнд 50-80 мянган төгрөгийг зарцуулах нь боломжийн үнэ гэж хэмээн албаныхан үзэж байна. Мөн Хүүхэд харах үйлчилгээг дүүрэг, хороо, цаашлаад тухайн нутаг дэвсгэрийн хүүхдийн тооноос хамаарч байгуулах бөгөөд цэцэрлэгийн насны 300 хүүхэдтэй хорооны 150 гаруйг нь энэ үйлчилгээнд хамруулах байдлаар зохицуулах юм байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ