Филиппинд жуулчдыг барьцаалжээ

img

Филиппинд буутай этгээд гадаадын дөрвөн иргэнийг барьцаалсан “www.dailymail.co.uk” мэдээллээ. Буутай этгээд Филиппинийн Самал арал дахь “Oceanview” гэх амралтын газар руу дайрч, Канадын хоёр иргэн, Норвеги, Филиппинийн иргэдийг барьцаалжээ. Гэмт этгээд өчигдөр 23.28 цагт амралтын газарт нэвтэрч, таван минутын дараа жуулчдын хамт сураггүй алга болжээ.

 

Барьцааны иргэдтэй өнөөдрийг хүртэл холбоо тогтоож чадаагүй хэмээн Самал арлын цэргийн ахлах тушаалтан, дэслэгч генерал Аурелио Баладад сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Цагдаа нар жуулчдыг барьцаалсан буутай этгээдийг “Абу Сайяф” гэх алан хядах бүлэглэлийн дайчин байж болзошгүй хэмээв. Тус бүлэглэл хойд бүс нутгуудад идэвхитэй алан хядах ажиллагаа явуулдаг бөгөөд Засгийн газартайгаа байнга зөрчилддөг аж.

 

Эргэн сануулахад тус бүлэглэл 2001 онд АНУ-ын хоёр иргэнийг барьцаалж, 10 сая ам.доллар шаардсан бол 2011 онд Канадын иргэн Эволд Хорн гэгчийг барьцаалж, 24 сая ам.доллароор солилцоо хийх санал тавьж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ