Францист захиа өгсөн охиныг баривчилжээ

Ватиканы тэргүүн, хамба ламтан Францис АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар таван хоногийн хугацаатай шашны айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр Вашингтон хотноо цугларсан итгэгч түмэнтэйгээ уулзаж, мэндчилгээ дэвшүүлсэн байна. Энэ үеэр хамгаалагчид хамбатанд захиа өгөхийг хүссэн таван настай охиныг баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Охин хамгаалалтыг үл тооно хамбатанд захиа өгөхийг хүсчээ. Тэрбээр хамбатанг хажуугаар нь өнгөрөх үед “Намайг хүлээж байгаарай. Энэ захиа. Энэ захиаг аваач. Гуйж байна” гэж хэлэхэд хамгаалагчид аюулгүй байдлын үүднээс охиныг зогсоожээ. Францис охиныг тайван орхихыг хамгаалагчдад сануулж, захиаг нь авсан аж. Хамгаалагчид охиныг 40 гаруй минут тусгаарлаж, дараа нь аавд хүлээлгэн өгчээ.
Хамбатанд захиа өгсөн охиныг Софи Круз гэдэг бөгөөд Мексикээс цагаачилж, АНУ-д ирсэн байна. Захианд Ойрхи Дорнод болон Хойд Африкаас цагаачлан ирж буй олон мянган дүрвэгсдэд тусламжийн гараа сунгаж, тэдэнд амьдрах итгэл хайрлахыг хүссэн байна. Тэрбээр мөн ээжтэйгээ хамт амьдрахыг хүсч буйгаа захиандаа дурьджээ. Охины ээжид АНУ-ын удирдлагууд орогнол олгохоос татгалзсан байна. Охины аав Раул Круз “Хамбатанг Америкт ирэхийг сонсоод охин минь их баярласан. Тэрбээр шөнөжингөө захиа бичсэн. Надад захиандаа юу бичсэн тухайгаа яриагүй” гэж хэлжээ
Хамбатан маргааш Цагаан ордонд айлчлах бөгөөд мөн Конгресст үг хэлэх юм. Тэрбээр дүрвэгсдийн нийгмийн асуудлаар үг хэлэхээр болсон хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ