Пхеньянд сансрын хяналтын төв нээгджээ

Хойд Солонгосын эрх баригчид ирэх сарын 2-нд “Хөдөлмөрийн нам” үүсэн байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойн хүрээнд пуужин болон энхийн зорилгоор сансар руу хиймэл дагуул хөөргөх болсноо мэдэгдсэн билээ. Тэгвэл хойдууд нийслэл Пхеньян хотноо сансрын хяналтын төв нээсэн тухай Өмнөд Солонгосын тагнуулууд Сөүл рүү явуулсан тайландаа дурьдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Энэхүү төвийг 2011 оны аравдугаар сараас хойш барьж, энэ сарын 20-нд албан ёсоор ашиглалтад оруулсан хэмээн “KCNA” агентлаг уламжлав.
АНУ, Өмнөд Солонгос, Японы Засгийн газар БНАСАУ-ыг хиймэл дагуул хөөргөсөн тохиолдолд эдийн засаг, худалдааны салбарт хориг тавихаа сануулаад байгаа юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест “Энхийн зорилгоор сансрын технологи хөгжүүлэх нь тусгаар улсын хууль ёсны эрх ч хөрш орнуудаа заналхийлэх нь буруу. Тиймээс та бүхэнд шийдвэрээ өөрчлөхийг уриалж байна” гэж хэлжээ.
НҮБ-аас “Хиймэл дагуул хөөргөх пуужинг баллистик пуужин туршиж буйтай утга нэг” хэмээн мэдэгджээ. Харин дээрх сануулгыг үл тоож Хойд Солонгосын Батлан хамгаалахын сайд Пак Ён Сик “Бид товлосон цагтаа сансрын хиймэл дагуулаа хөөргөх болно” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ