Тогтолцоогоо өөрчлөхгүй бол орон нутаг хөгжихгүй

img

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2015 он гарсаар нийт 2834 өргөдөл ирснээс 1676 нь хувийн асуудлаар гаргасан өргөдөл эзэлжээ.

 

Иргэдээс ирүүлсэн хувийн чанартай өргөдлийг агуулгаар нь ангилбал мөнгөн тусламж хүссэн 108, сургалтын төлбөрийн асуудлаар хандсан 208, ажилд орох 219, орон байр, гэр хүссэн 139, эмчилгээний зардалд тусламж хүссэн 291, шагналын асуудлаар 84 өргөдлийг ирүүлсэн байна.

 

Хуулиараа мөнгөн тусламж, эмчилгээний зардал, сургалтын төлбөр, ажилд оруулах зэрэг асуудлыг УИХ-ын гишүүн шийдвэрлэх боломжгүй, хууль тогтоох эрх хэмжээнд нь хамааралгүй аж. Цаашид УИХ-ын Өргөдлийн байнгын хороо нь иргэдийн хувийн асуудлаарх өргөдлүүдийг засаг захиргааны анхан шатны нэгж болох баг, хороодоос эхлэн шат, шатандаа бүрэн судалж зохих ёсоор шийдвэрлэх, хэрхэн шийдвэрлүүлэх талаар иргэдийг үнэн зөв мэдээллээр ханган ажиллахад анхаарах шаардлагатай байна гэж үзэж буй юм.

 

Булган аймагт Орхон аймаг нь багтдаг, Сэлэнгэ аймагт Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр харьяалагддаг хачин тогтолцоогоо өөрчлөхгүй бол аймаг нь хот болж хөгжиж болдоггүй, хорооддоо дэд бүтэц хүргэж чаддаггүй томоохон бэрхшээлтэй тулж, тав тухтай орчинд амьдрах иргэний эрхийг зөрчиж байна гэдэг асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулж буй хэлэлцүүлгийн үеэр баг, хороодын Засаг дарга нар хөндлөө.

 

Тодорхой жишээ татвал, Орхон аймгийн зарим баг Булганы нутаг дэвсгэрт харьяаллагддаг байна. Үүнээс болж дээрх багууд руу авто зам тавьж чаддаггүй аж. Гэтэл хүн амын суурьшлаа дагаад баг, хороод томорч хатуу хучилттай авто зам тавих шаардлагатай болсон. Энэ асуудлыг шийдэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, засаг захиргааны нэгждээ өөрчлөлт оруулах ёстой. Тиймээс УИХ-ын Өргөдлийн байнгын хороо дээрх асуудлыг анхааралдаа авах. Мөн хороодын хэсгийн ахлагч нарын цалинг нэмэхэд анхаарахыг хүсэв. Хэсгийн ахлагчийн сарын цалин 192500 төгрөг аж. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтны тайлбараар бол хэсгийн ахлагч нарын цалинг нэмэх боломжгүй. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа тул ойрын хугацаанд шийдэх боломжгүй. Гэхдээ энэ нь хэсгийн ахлагч нарын цалинг нэмэхгүй гэсэн үг биш, нэмэгдүүлэх шаардлага байгаа гэдгийг хаа, хаанаа ойлгож байгаа гэж тайлбарласан юм.

 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос энэ удаад “Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж ажиллахад баг, хороодын үүрэг” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүргийн хороодын Засаг дарга нараас гадна Орхон аймгаас ч төлөөлөл оролцож байна.

 

Нийслэлийн хороодын зүгээс цэцэрлэгийн хүрэлцээ муу, сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг. Хороонд нь нэг ч цэцэрлэггүй байхад архины дэлгүүр нь хаа сайгүй байдаг. Үүнээс болоод гэмт хэрэг их гардаг байна.

 

Эдийн засгийн хямралын уршгаар иргэдийн амьжиргаа доройтож нүүрсээ худалдан авахад бэрхшээл учирч буй. Иймд өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатайг хороодын зарим нэг Засаг дарга хөндөн ярилаа.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ebe bolii:
ATG-iin neriidleer hun gutgej gujirdehee bolii Elbegdorjoo, jisheen Gansuhiin hereg bn, hoshin shog shig yum bolson, erunhiilugch gdg alban tushaaliig ingej hashdaggu yuma, boliy boloo boliiildoo
2015-09-25
Зочин:
nuurs hotolboroo bohir gereegee zasahguigeer saihirahgui
2015-09-24