Сайн малчин цол, тэмдгийг эхнэр, нөхөр хоёрт олгох санал гаргав

ХХААЯ-наас “Аваргуудаа сонсъё” сэдэвт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат, Улсын сайн малчдын уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад Хөдөлмөрийн яам, ХАХНХЯ, ХАА-н бирж, Мал эмнэлэг үржлийн газар, Аймаг дундын отрын бүс нутгиийн захиргаа, Мал хамгаалах сан, Удмын сангийн үндэсний төв зэрэг байгууллагууд мөн 21 аймгаас 44 Улсын сайн малчин ирсэн аж.
Энэхүү уулзалтаар Хөдөлмөрийн баатар, гавьяат, сайн малчдынхаа мал өвөлжилтөндөө яаж бэлтгэдэг вэ, бэлчээрийн зохицуулалтыг яаж хийдэг вэ, залуу малчдад залгамж халаагаа яаж өвлүүлдэг вэ зэргээр ярилцаж байна. Мөн аж ахуйн салбар болоод малчдын талаар Төрөөс баримталж байгаа бодлого, үйл ажиллагаа нь орон нутагт, амьдрал дээр яаж тусч байна вэ, юун дээр нь анхаарах ёстой вэ гэдэг дээр малчдынхаа саналыг сонсож, харилцан туршлага солилцож байна.
Р.Бурмаа сайд гавьяат малчин, улсын сайн малчин зэрэг цол, тэмдгийг эхнэр нөхөрт олгож байх санал гаргасан юм. Тэрбээр хэлэхдээ "Цаашид Улсын гавьяат малчин, сайн малчин зэрэг цол тэмдгийг эхнэр, нөхөр хоёрт хамтад нь олгохоор ярилцаж байна. Учир нь мал маллах, малынхаа тоо толгойг өсгөх зэрэг нь малчин гэр бүлийн хамтын ажиллагаа байдаг. Тиймээс нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёрт олгох зүйтэй юм” гэв.
Малчдын зүгээс тус саналыг дэмжиж байна гэдгээ илэрхийллээ. Хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, Улсын сайн малчдын хувьд залгамж халаа, бэлчээрийн даац, малчдын тэтгэвэр зэрэг тулгамдаж буй асуудлуудаа сайдад танилцуулсан юм.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар зарим аймаг сумдад залуу малчдын тоо эрс багассан гэдгийг ахмад малчид хэлж байна. Түүнчлэн салбарын яамнаас малын тоонд бус чанарт анхаарах бодлого явуулж байгаа нь зүйтэй гэдгийг уулзалтад оролцож буй малчид онцолж байлаа.
Энэ үеэр малчдын төлөөлөл болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Улсын сайн малчин Г.Майнбаяр залуу малчдад зөвлөгөө өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “Малчин хүн гэдэг зүгээр нэг морь унаад, уралдаад, мал малаада явахад анхаарлаа хандуулдаг байж болохгүй.
Харин амьдарч байгаа орчин, байгаль цаг уураа дагаж, тооцоогоо зөв хийх, төр засгийн бодлогыг зөв ойлгох хэрэгтэй. Мөн малчин хүн төрс засгийн болоод Хөдөө аж ахуйн салбар хариуцсан яамнаас зааж чиглүүлж байгаа бодлогод ажил хэрэгчээр хандаж байх хэрэгтэй.
Цаг агаар хүндрэх юм бол малчин хүн хамгийн түрүүнд тодорхой хэмжээний малаа заазлаж, арьс үснээс нь салгаад зах зээлдээ нийлүүлэх хэрэгтэй. Дулаан хувцас, хүнс, түлээ нүүрсээ бэлдэж байж хүнд хүчир цагийг даван туулна. Цаг сайхан үед зүгээр суулгүй бүх нөөц бололцоогоо өөрөө хангаж чадсанаар байгалийн бэрхшээлийг 70-80 хувьтай амжилттай давж гарна гэдгийг л хэлмээр байна” гэлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ