Л.Гансүх “сонсох ёстой” ялаа сонсч, Г.Маралмаа, Т.Цогт нар “жүжиг”-ээ үргэлжлүүлсээр...

Монголын нийгэмд өнгөрсөн долоо хоногт анхаарал татсан хэд хэдэн шүүх хурал болсон. Тэр дундаас тав хоног үргэлжилсэн Л.Гансүх нарын шүүх хурал долоо хоногийн өмнө сая нэг юм дуусч, шүүгчид шийдвэрээ гаргасан. Мөн дөрөвхөн настай балчир үрээ зодож, амь насыг нь хохироосон хэрэгт сэжиглэгдэж байгаа Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал ч боллоо. Тэгвэл эдгээр шүүх хурлаас ямар шийдвэр гаргасан болоод бусад хэргийн талаар тоймлон хүргэж байна.
Ингээд бичихээр тэр буруутай учраас ял сонслоо гэж байна хэмээн ойлгож магадгүй. Тэр утгаар нь бичсэнгүй. Угаасаа л хэрэг эхлэхэд л түүнийг яллах гээд бэлтгэчихсэн байсан гэсэн үг. Яаж ч өмгөөлсөн, хэчнээн ч нотлох баримтаар өөрийнхөө буруугүй гэдгийг баталлаа гээд түүнд ямар нэг байдлаар ял оноох л ёстой байсан гэдэг утгаар нь ингэж бичиж байгаа юм. Ерөөсөө бүхэл бүтэн 4, 5 хоног хуралдсан шүүх хурлаас харж байхад түүнийг яллах нь тодорхой харагдаж байгаа талаар хүн бүр л ярьж байсан. Тэр дундаа өмгөөлөгчид нь энэ талаар хэлж байв. Дээрээс нь шүүх хурлын явц энэ талаар хангалттай “өгүүлсэн” уур амьсгалтай байсан билээ.
Тиймдээ ч түүнд 4.6 жилийн ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан. Мөн түүнтэй хамт шүүгдсэн Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. “Эм Жи Эл Эс Би” компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа шүүх хурлын үеэр яллах дүгнэлт бичсэн прокуроруудыг хэлэх үггүй болтол нь мэргэжлийн төвшинд ярьсан. Нягтлан бодогчийн хувиар шүү.
Үнэхээр шараа болгоно гэдгийг үзүүллээ. Гэвч шүүх бүрэлдэхүүн торгох шийдвэр гаргаад л тавьчихаж байгаа юм. Ичсэн хүн хүн ална гэдэг л болсон. Хэвлэл мэдээллийнхэн, цахим ертөнцийнхөн яг л ийм жишээ татаж байв. Бүр сүүлдээ хэвлэл мэдээллийг худалдаж авдаг их мөнгөтэй хүн гэсэн өнцөг гаргаж ирээд л өөрсдийгөө өрөвдүүлэх гэж ядав, шүүхийнхэн.
Ёстой л нэг яллах гэж л яллалаа. Гэхдээ энэ шүүх хурлыг телевизээр шууд дамжуулсан нь ард түмэнд Монголын шүүх ямархуу байдлаар ажиллаж байгаа юм. Прокурорууд ямар байдлаар бусдыг яллаж байгаа юм бэ гэдгийг ямар нэг хэмжээгээр харууллаа. Иргэд өөр өөрсдийнхөөрөө л ойлгож авлаа. Тэгэхдээ ихэнх нь шүүх, прокурор чадвар муутай, эрх мэдэлтнүүдэд үйлчилсэн байдалтай ажиллаж байна гэж ойлгох шиг боллоо. Цахим ертөнцөөр илэрхийлж байгаа сэтгэгдэл, саналыг харахад ингэж дүгнэхээс өөр арга алга даа.
Л.Гансүхийнхээс гадна өөр нэг олны анхаарлыг татсан шүүх хурал болсон нь дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг шүүх хурал байлаа. Хэд дахин хойшлоод байсан шүүх хурал энэ удаад ч болсонгүй. Аравдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хойшилсон. Учир нь шүүгдэгч Г.Маралмаагийн бие муудаж, шүүх хурал эхлэхтэй зэрэгцэн ухаан алдаж унасан. Тэрбээр хөл хүнд байгаа учраас эмнэлгийн байгууллага бэлэн байдалд байж, түргэн тусламжийн машинаар авч явсан.
Ерөнхийдөө энэ хэргийн шүүх хурал болж эхлэх үед л Г.Маралмаа жирэмсэн гэдэг нь мэдэгдэж, олон нийт ялаас мултрах гэсэн арга хэмээн шуугиж байв. Тэгвэл ямар ч байсан түүний “тактик” өнөөг хүртэл хэрэгжиж, шүүх хурал хойшилсоор байгаа билээ. Нөгөө талаар энэ шүүх хурал хойшилсны дараа нэгэн мэдээлэл цацагдсан нь Т.Цогт Г.Маралмаа руу дайрч, “алуурчин” гэх мэтээр дуудаж, сэтгэлийг нь хямрааснаас болж хөл хүнд эмэгтэй ухаан алдаж унасан гэж байгаа. Хоёр хар хэрээ нэгнийхээ харыг гайхав гэгч л болсон хэрэг. Ер нь бол Т.Цогтыг охиныхоо үхэлд буруутай гэж хууль хяналтын байгууллага үзэж байгаа талаар ч мэдээлэл гарсан.
Тиймээс түүнд өндөр ял оноохоор бэлтгээд байгаа аж. Харин Г.Маралмаа амаржсан тохиолдолд яах вэ гэдэг асуулт эндээс гарч ирж байгаа юм. Энэ талаар өмгөөлөгч Ц.Батбаяр “Эрүүгийн хуульд зааснаар шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял ногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл арав хүртэлх жилийн ял оноох хэрэгт буруутгагдсан бол оноосон ялыг хойшлуулж болно.
Гэхдээ хуульд заавал хойшлуулна гэж заагаагүй.Харин Г.Маралмаа нь онц хүнд гэмт хэрэгт буруутгагдаж байгаа учраас энэхүү зүйл заалтаар ял авбал жирэмсэн, нялх биетэй байсан ч хорих ялыг шууд биечлэн эдэлнэ” хэмээн ярьжээ. Тэгэхээр Г.Маралмаа, Т.Цогт хоёр хийсэн хэрэгтээ тохирох ялыг авах нь гарцаагүй.
Дорнод аймагт аялж явсан иргэн тэсрэх бөмбөг олж цагдаагийн байгууллагад өгсөн нь амралтын өдрөөр иргэдийг багагүй сандаргаад авсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн орчим “Теди-1” төвийн уулзвараас “Бишрэлт” хүртэлх замыг хааж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх нь холгүй болж байж тэсрэх бөмбөгийг хүлээн авч аюулгүй болгосон гээд байгаа. Ер нь бол тэсрэх бөмбөг аюултай байсан юм билээ. Тэгэхээр ойр орчмын 200 метрт байгаа хүмүүсийг хамгаалалтад авахгүй бол болохгүй байсан талаар албаны хүмүүс хэлсэн. Ерөнхийдөө манайх тэсрэх бөмбөгтэй холбоотой хэрэг төвөг гарч ирвэл бэлтгэл муутай байгааг энэ явдал харуулах шиг боллоо.
Тэгвэл тэсрэх бөмбөгийн дуулиан тасраагүй байхад хүүхдийн зуслангийн орчим голын эрэг дагуу хаясан хорт бодисны шуугиан гарч ирэв. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундраа” хүүхдийн зуслангийн зүүн талд голын эрэг дагуу хоёр шуудай орчим эм бэлдмэл хаясан тухай дуудлага онцгой байдлын албанд ирсэн аж. Дуудлагын дагуу долоон хүний бүрэлдэхүүнтэй химийн бүлэг ажиллаж, бодисыг аюулгүй болгосон. Гэхдээ тэнд чухам ямар эм бэлдмэл байсан талаар мэдээлэл алга. Мэдээж энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа байх. Хэн гэгч бөх зүрхтэй нөхөр нь эм бэлдмэлээ хаа хамаагүй ил задгай хаяв. Эмнэлгийн байгууллага байв уу, эмийн сан уу гээд олон асуулт энэ хэргийн цаана үлдлээ.
Н.Болд
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ