Дотооддоо авахгүй бол гадагш нь гаргамаар байна

img

 

Хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбооноос Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлсэн төмрийнхөө үнийг  авч чадаагүйн улмаас хүндрэлтэй тулгарч буй талаараа хэвлэлийн хурал хийлээ. Тус холбооны удирдлагуудын мэдэгдсэнээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэл хоёрдогч түүхий эд зарж борлуулдаг бизнес эрхлэгчид Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 5500 тонн төмөр тушаасан аж. Уг тушаасан төмрийн үнэ болох нэг тэрбум гаруй төгрөгийг өнөө болтол авч чадаагүй байгаа гэнэ.

 

Дарханы төмөрлөгийн үйлдвэр наймдугаар сарын 1-нээс төмрийн борлуулалт зогссон гэдэг шалтгаанаар дахин боловсруулах цэгүүдийн нийлүүлэлтийг зогсоожээ. Ингэснээр 20 мянга гаруй хоёрдогч түүхий эд зарж борлуулдаг бизнес эрхлэгчид хүнд байдалд ороод байгаа аж. Худалдаалах  үйлдвэр байхгүй учраас дахин боловсруулах цэгүүдэд  их хэмжээний хаягдал төмөр хуримтлагдсан, бизнес эрхлэгчид банкны зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа талаар холбооны гишүүд хэлж байлаа.

 

Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батжаргал “Хаягдал төмөр дахин боловсруулах үйлдвэрт биш  хогийн цэг дээр бий болж эхэлж байна. Үндэсний үйлдвэр нь авч чадахгүй юм бол Хятад руу экспортлох эрхзүйн үндсийг нээж өгөөч” гэв.

 

Холбооны зүгээс Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шаардлага хүргүүлэхэд “Төмрийн борлуулалт  муудсан учраас үйлдвэрийн үйл ажиллагаа түр зогссон” гэдэг тайлбарыг өгсөн байна.

 

 

  Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Snooker:
Одоо нөгөө том төсөл зэс боловсруулах үйлдвэр барина гээд томроод байдаг хүмүүст хэдхэн тоон дахин боловсруулсан төмрөө борлуулж чадахгүй байгаа хүмүүс нэг их зээлээр босгосон үйлдвэрийг хэдхэн жилийн дотор ажилгүй том саравч болгоод дотор нь өчнөөн өрөөр авсан тоног төхөөрөмжтэй нь зэврээх гэж байгаа ойлгоосой... Дотоодын зах зээл дээ борлуулах хэмжээний үйлдвэр бол бас яахав гадагшаа бол худлаа ТОМ ТӨСЛӨӨС мөнгө унагаагдын хүсэл мөрөөдөл... Битгий хууртаарай...
2015-09-28