“Тавантолгой”-д хувь эзэмшинэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчтай хийх гэрээ, хэлэлцээрийн явцын талаар хэлэлцсэн байна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:
-Тавантолгойн гэрээ, хэлэлцээг УИХ тодорхой хэмжээгээр шинэчлэх шаардлагатай, энэ ордыг эзэмших, ашиглах талд үр ашгийг нь нэмэгдүүлэх гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үүний дараа Ерөнхий сайдын 165 дугаар захирамж гарсан. Энэ захирамжаар Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлэх, хэлэлцээрийн төслийг бэлэн болгох ажлын хэсэг байгуулагдсан. Хөрөнгө оруулалтын газар, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” болон олон улсын эдийн засгийн, хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд нэгдсэн байдлаар ажлын хэсэг орж ажиллаж байгаа. Хөрөнгө оруулагч тал болох консирцумид багтаж байгаа Хятадын “Шиньхуа” групп, “Энержи ресурс” болон “Суматоми” корпорацитай наймдугаар сарын 4-нөөс хойш 20 гаруй удаагийн уулзалт хийсэн. Эхний байдлаар тодорхой үр дүнд хүрч байгаар Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэлдээ дурдсан.
Эхний хэсэгт хөрөнгө оруулагч тал “Монголын талтай өмнө нь хийж байсан хэлэлцээрийнхээ үндсэн зарчмыг баримтална. Шинээр томоохон өөрчлөлт оруулахгүй” гэдэг саналыг тавьсан. Монголын ажлын хэсгийн талаас Тавантолгойн ордын үр ашгийг дээшлүүлэх үүднээс хэд хэдэн зарчмын шаардлагыг тавьсан. Ажлын хэсгийнхэн зарим тал дээрээ хэд хэдэн тохиролцоонд хүрсэн гэж мэдээлж байгаа. Юуны өмнө төслийн консирцумиар байгуулж байгаа “Эрдэнэс MGL” компани хувь эзэмших асуудалд нааштай шийдэлд хүрч, урьдчилсан байдлаар тохиролцож чаджээ.
Хувь эзэмшсэнээр зөвхөн Монголын тал ашиг авахаас илүү ногдол ашиг авна. Дээр нь үйл ажиллагаанд оролцож, хяналт тавих боломж бүрдэнэ. Хоёрдугаарт Монголын төмөр замын асуудал байгаа. Төмөр замыг “Шиньхуа” групп концессийн гэрээгээр бариад, 30 жил ашиглаад шилжүүлэх нөхцөлөөр өмнө нь орж байсан. Одоо “Монголын төмөр зам” компани 51 хувийг эзэмших эрхтэйгээр оролцох тал дээр урьдчилсан байдлаар тохирчээ. Ингэж оролцсоноор Монголын тал ирээдүйд төмөр замыг ашиглах, тээвэр явуулах талд давуу эрх үүснэ гэж үзэж байгаа. Төмөр замын асуудалд концессоор барихаа больж байна. Тиймээс “Монголын төмөр зам” компани “Шиньхуа” групптай хамтарч төмөр зам байгуулахаар урьдчилсан байдлаар гэрээгээ үзэглэсэн байна.
Мөн маркетинг, борлуулалтын төсөлд Монголын тал “Эрдэнэс MGL” компани 10 орчим хувийг эзэмшинэ гэж ярьж байна. Энэ тохиолдолд Монголын тал борлуулалтад өөрсдийн байр сууриа илэрхийлж, хяналтаа тавих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Ингээд хэлэлцээр үргэлжилж байна. Ажлын хэсгийн тайлбарлаж байгаагаар хэлэлцээр цаашид амжилттай үргэлжлэх нөхцөл бололцоо байна гэсэн танилцуулга хийсэн. “Тавантолгой”-н төслийн хэлэлцээр урагштай явж байна гэсэн ойлголтыг өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүд авлаа хэмээн мэдээлэв. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-“Тавантолгой”-н хэлэлцээрийг намрын чуулганаар хэлэлцүүлж амжих болов уу?
-Энэ бол дунд хугацааны хэлэлцээрийн явц. Дахин Засгийн газрын хуралдананаар хэлэлцээрийн явцыг танилцуулна гэсэн. Эцсийн байдлаар танилцуулаад өргөн барина. Аль болохоор хурдан өргөн барих байр суурьтай байгаа.
-Энэ оны төсвийн тодотголыг хэзээ өргөн барих бол?
-Төсвийн тодотголыг хуулийн хугацаандаа маргааш өргөн барина.
-Дэд сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцсэн болов уу?
-Дэд сайд нарын асуудлыг хэлэлцээгүй. Шаардлагатай тохиолдолд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн томилох байх.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ