Хэргийн газраас зугтсан жолоочийг барьжээ

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамбадаржаагийн гудамж, “Сайхан ирээдүй” ХХК-ийн зүүн замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 43 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин зугтсан хэрэг гараад байсан.
Уг хэгийг илрүүлэх зорилгоор УБХЦГ-ын гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасаг, эрүүгийн тасаг Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн тасгийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаны дүнд Rush маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг хэргийг үйлдснийг илрүүлсэн байна.
Нийт жолооч нартаа анхааруулахад. Зам тээврийн хэрэг, осол гарсан тохиолдолд Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй /цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй/, хэргийн газрыг санаатай, болон санамсаргүй байдлаар орхин явсан бол дараах хариуцлагыг хүлээдгийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т Энэ хэргийг согтуугаар үйлдсэн бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ