М.Зоригт сайдын ”нууц”

img

 

Гэрэл зураг цаг хугацааг мөнхөлсөн гэрч гэгддэг. Тиймдээ ч хүн бүхэн баяртай жаргалтай мөч, байгаль дэлхийн үзэсгэлэн, ажил хөдөлмөрөө гээд дахин хэзээ ч давтагдахгүй мөчийг гэрэл зургийн хальснаа мөнхжүүлдэг биз ээ.

 

Тэгвэл гэрэл зургийг жинхэнэ хобби болгосон нэгэн эрхэм бол УИХ, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт. Түүний авсан гэрэл зургууд, тэр дундаа бүсгүйчүүдийн зураг фэйсбүүкт нь томоохон орон зайг эзэлдэг гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу.

 

УИХ-ын гишүүний үүргээ биелүүлэхийн хажуугаар “гэрэл зурагчин” болдог тэрбээр сайд болсон цагаас өөрөө гэрэл зураг авахаасаа илүүтэй өөрийнхөө хийж байгаа ажлыг гэрэл зургаар баталгаажуулж цахим хуудсандаа цаг алдалгүй мэдээлэх болсон.

 

Сайд болоод удаагүй байхдаа  тэр өглөө эрт яамны үүдэнд суугаа зургаа оруулж, ажилдаа ирээгүй нарийн бичгээ хүлээж байна хэмээн “матаад” авсан. Сайдын ийнхүү гэрлийн хурдаар ажиллаж байгааг харсан нэгэн нь “Удирдлагатай аппараттай юм уу, аль эсвэл хувийн зурагчинтай юм уу” гэж гайхаж буй.

 

Харин өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамтаар Хөшигийн хөндий дэх Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудлын ажлын явц болон автозамын шинэчлэлийн ажилтай танилцах үеэр М.Зоригт сайдын нууц тайлагдав.

 

Тодруулбал, “гэрэл зурагчин” сайд маань нэг биш гурван ч “папарацичин”-тай ажээ. Тэд эрхэм сайдын үйлдэл бүрийг алдалгүй авч, босоо, суугаа янз бүрийн өнцгөөс зургийг нь авдаг аж.

 

Ерөнхий сайд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх гээд зогсож байхдаа “М.Зоригт сайдаа та наашаа ирээд зогсооч наанаа юу хийгээд зураг аваад хэвлэлийнхэнтэй зогсоод байгаа юм” гэж дуудаад авсан.

 

Ямартай ч, Зам тээврийн сайдын үйлдэл бүрийг “мөнхжүүлэх” ажил нь тун сайн зохион байгуулалттай явагддаг юм билээ.

 

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ