Сэтгүүлчдэд ”Буянт-Ухаа II”-т квот олгоно

Монголын Залуучуудын Холбоо, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2020 хүртэл хамтран ажиллахаар боллоо. Уг санамж бичигт МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар өнөөдөр гарын үсэг зурсан юм. Энэхүү санамж бичгийн хүрээнд дээрх хоёр байгууллага монгол залуу хүн болоод хэвлэл мэдээллийн байгууллагынханд бүхий л талаар харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон байна. Уг санамж бичгийн хүрээнд МЗХ-оос нийгмийг шударга байлгах үйлсэд гар барьж байдаг сэтгүүлч залуучуудынхаа мэргэжлийн ур чадварыг дэмжээд “Буянт ухаа-2” хорооллоос Монголын залуучуудын холбоонд 50 квот хуваарилсны 5/1 буюу 10 квотыг сэтгүүлчдэд олгохоор болсноо дуулгалаа. Мөн МСНЭ-ээс зохион байгуулах бүхий хурал зөвлөгөөн, уулзалт семинарыг Монголын залуучуудын холбооны байранд үнэ төлбөргүй зохион байгуулах боломжийг нээж өгсөн байна. Үүнээс гадна ирэх жилээс баригдаж эхлэх “Нэг Ази” цамхгийн нэг давхрыг сэтгүүлч нарт зориулж хэвлэл мэдээллийн төв байгуулахаа илэрхийлсэн юм. Монголын сэтгүүлчдийн дийлэнх хувь нь 27 хүртэлх насны залуу сэтгүүлчид байдаг. Тэр ч утгаараа сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төрөл бүрийн сургалт семинарт хамруулж мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэднийг хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх зэрэг олон талаар залуучуудын төв байгууллагатай хамтран ажиллахаар болсон байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн зүгээс МЗХ-ны зорилт, бодлого чиглэлийг олон нийтэд сурталчлахад бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллах аж.
Ц.БАЯР
Эх сурвалж: www.zms.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ