Хошин шогийн болхи үзүүлбэрээ боль
2015-10-01

Хуульзүйн байнг ын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн ҮХЦ-ийн дүгнэлт, Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

 

Эхлээд УИХ-ын  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

 

-Өнөөдрийг хүртэл бид Үндсэн хуулиа зөрчөөд яваад байна гэдэг асуудалд хүрч байна. Эсвэл ҮХЦ бидэнд тааруулж хуулиа гаргаад яваад байна уу. Өнөөдөр УИХ-ын хууль тогтоох эрхэд халдаж, ажлыг нь хийлгэхгүй байлгадаг зүйлүүд хэрээс хэтэрлээ.   Өршөөлийн хуулийг онцгой бүрэн эрхийн хүрээнд гаргасан. Түүнд хориг тавьсан нь өнөөдөр  бидэнд маргаан үүсгэж, ард түмнийг талцуулж байна. Өнөөдөр ҮХЦ шийдвэр мөн л биднийг талцууллаа. Хууль хэрэгжүүлдэг байгууллага нь УИХ-д даалгавар өгсөн албан бичиг оруулж ирдэг болсон.  Эсвэл УИХ-ыг чадамжгүй болгож байна уу. Хэн нэг нь сайд болохоор “давхар дээл” гэдэг, өөрсдөө сайд болохоор чимээгүй явдаг байдлаа больё. Ард түмнээс сонгогчихоод ард түмний эсрэг үйл ажиллагаа явуулж болохгүй гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:

 

-УИХ  хяналт тавих чиг үүргээ зөрчсөн бол энэ үүрэг нь хэнд байгаа юм бэ гэдгийг ҮХЦ-ийн заалтыг бариагүй байна. Хяналт тавина гэдэг үүргийг УИХ хийхгүй бол өөр хэн хийх юм бэ? УИХ-аас томилогддог, сонгогдог албан тушаалтнууд Засгийн газраас томилогдох ёстой гэсэн логик үүсээд байна. Бид УИХ-ын дэргэд байдаг байгууллагуудаа Засгийн газрын дэргэд өгөх ёстой юм уу гэсэн агуулга гарч ирж байна. Ийнхүү гишүүд  хэлэлцээд ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

 

Дараагаар нь Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Учир нь энэ хуулийн төслийг ээлжит бус чуулганы хугацаанд хэлэлцэх үед АТГ-ын албан тушаалтнуудаас мэдээлэл авахаар хойшлуулсан. Харин УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Энэ хуулийг хэлэлцсэн. Хуулийн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Одоо хуулийг хэрэгжүүлэх комисс л явцын талаар мэдээлэл хийх ёстой” гэсэн юм.  Гэвч гишүүд хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй, хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-аар батлах ёстой гэсэн байр суурьтай байлаа.УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Р.Гончигдорж УИХ-ын  ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ “4.1,    7.1 дүгээр заалт хуулиас хасагдсан. Өршөөлийн хуулийг хэрэгжүүл” гэдэг үг хэлээд дуусгаж байна лээ.  4.1,    7.1 дүгээр заалтыг хэрхэх вэ гэдэг талаар байнгын хороон дээр санал хураалт явагдаагүй. УИХ-ын 49 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах санал өгчихсөн. Хүлээж авахгүй гэж санал өгсөн 10 гишүүний 6 нь энэ байнгын хороонд дээр ажлын хэсэгт олонхи болчихоод хуулийг  будилуулаад байгаа. Р.Гончигдорж дахиад л  Өршөөлийн хуулийн 4.1,    7.1 дэх заалт хүчингүй болсон” гэж ярих юм. Тийм заалт хаана явагдсан юм.  10 хоногийн хугацаа дуусгавар болохоор хуулийн заалт байхгүй болчихдог гэдэг заалт байхгүй. Санал хураалт явагдаж байж л олонхийн санал авсан саналаар хуулинд өөрчлөлт орох ёстой. Тэгэхээр санал хураалт  цааш явагдаж, эцэслэгдэх ёстой гэж үзэж байна. Ингэж үзээд УИХ-ын дарга энэ төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байлгүй. Олон жил хамт явлаа. Муур, хулгана болж тоглож байгаа шоглоомноос чинь залхлаа. Асуудлыг мэддэг хүний өөдөөс харж суучихаад худлаа яриад, гөрдөөд, луйвар хийгээд байхаар чинь байж сууж чадахгүй байна шүү дээ. Ингэж болохгүй. Хуулийн байгууллага руу дайраад байх юм. УИХ өөрөө батлаад гаргасан биз дээ. Хошин шогийн болхи үзүүлбэр үзүүлэх нь хэнд хэрэгтэй юм.  Чөдөртэй, хуультай байхад яадаг юм. Яахаараа хэдэн авлигачныг өршөөх балиар юм хийж байдаг юм, энэ их хурал дээр. Яагаад тодорхой хэрэг яриад байгаа юм. Төмөр замын, Бондын мөнгө зувчуулчихсан хэрэг зөндөө л байна шүү дээ. Монголын төр юу болоод байна. Хэлэлцээд саналаа хураагаад явах ёстой хэмээн цухалдав.

 

Ийнхүү гишүүд үгээ хэлж, байр сууриа илэрхийлж байлаа. Ажлын хэсгээс “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “Энэ хуулийн 5.1, 9.1-д” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “Энэ хуулийн 5.1, 9.1.3-т” гэснийг “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр” гэж тус тус өөрчилсүгэй” гэж хуульд тусгах саналыг гаргасан байлаа. Энэ нь  санал хураалт явуулахад  гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй. Ингээд нэр бүхий гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 14 саналын томьёоллоор санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
nymaa:
Nymdorj gishuuniig demjij bn.Ene baynselenge gej balai abgai ymar xor nairuulax gej uxen xatan zutgeed bgaa nobsh be Erguu abgai chin xarij bantangaa xutga Toriin xutguur ymaa chi Esmeliin udam bish biz booljis xureed bx ym
2015-10-01