АНУ-д халдлага болж, 13 хүн амиа алдлаа

АНУ-ын Орегон мужид байрлах “Umpqua Community” коллежид зэвсэгтэй этгээд халдлага үйлдсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Халдлагын үеэр 13 хүн амиа алдаж, 20 гаруй хүн гэмтэж бэртсэн хэмээн цагдаагийн газраас мэдэгдэв. Амиа алдагсдын ихэнх нь коллежийн оюутнууд гэнэ.
Орегон мужийн захирагч Кейт Браун халдлагын дараа “Халдлага үйлдэгч 20 орчим насных. Оюутан. Халдлагын шалтгаан тодорхойгүй байна” гэж хэлжээ.
Цагдаагийнхан халдлага болсон коллежийг хяналтадаа авч бүх оюутныг шалгаж, хамсаатнуудыг нь хайж эхэлсэн гэв. Халдлага үйлдсэн залуугийн мэдээллийг өгөхөөс цагдаагийнхан эрс татгалзсан байна.
Захирагч “Бүх мэдээлэл баттай болсны дараа халдлагатай холбоотой мэдээлэл өгөх болно. Одоогоор сургуулийн үйл ажиллагааг зогсоож, шархтсан оюутнуудад эмнэлгийн тусламж үзүүлж байна” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ