Халдлага үйлдэгч амиа алджээ

АНУ-ын Орегон мужид байрлах “Umpqua Community” коллежид өчигдөр 17.00 цагт зэвсэгтэй этгээд халдлага үйлдэж, 13 хүний аминд хүрсэн билээ. Тэгвэл цагдаагийн газраас мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдийг Крис Харпер Мерсер гэдэг бөгөөд 26 настай гэв. Тэрээр буудалцааны үеэр амиа алдсан хэмээн “CNN” агентлаг мэдээллээ.
“Цагдаа нар гэмт этгээдийг амьдаар нь баривчлахыг хүссэн ч шархаа дийлэлгүй амиа алдсан” хэмээн тус мужийн захирагч Кейт Браун мэдэгдэв. Захирагч “Халдлага үйлдэгчийг аюулгүй болгосон. Амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье” гэж хэлжээ.
Халдлага үйлдэгч олон нийтийн сүлжээгээр нэг бус удаа халдлага үйлдэх төлөвлөгөөтэй буйгаа илэрхийлж байсан гэнэ. Тэрээр твиттертээ хамгийн сүүлд “Цус, аллага. Та нар удахгүй амь тавих болно. Хөөрхийлөлтэй цогцоснууд” гэж жиргэсэн байна.
Халдлагын дараа Ерөнхийлөгч Барак Обама эмгэнэл илэрхийлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ