Зөгийчид дэлхийд данстай боллоо

img

 

“APIMONDIA- 2015” Олон улсын зөгийн аж ахуйн 44 дүгээр Их хурал БНСУ-ын Дейжаен хотноо боллоо. Энэ их хурал “Дэлхийг нэгтгэж буй зөгий” уриан дор болсон байна.   Тус хурлаар эрдэм шинжилгээний долоон бага хурал, бүлгийн хэлэлцүүлэг,  APIMONDIA-гийн Ерөнхий Ассамблейн хуралдаан болж Монголын Зөгийчдийн Нийгэмлэгийн гишүүнээр элсэх өргөдлийг хэлэлцэн жинхэнэ гишүүнээр элсүүлснээр Монголын зөгийчид дэлхийд данстай боллоо.

 

Энэхүү арга хэмжээний үеэр “ApiEXPO” үзэсгэлэн яармаг зохион байгуулагдаж улс орнуудын зөгийн аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмж, технологийн шинэ ололтуудыг дэлгэн үзүүлсэн байна. Дэлхийн 100 гаруй орны 10000 орчим хувь хүн, байгууллагууд оролцож зөгийн аж ахуйн салбарын эдийн засгийн хөгжил, зөгийн үржил, биологи, ургамлын тоос хүртээлт, зөгийгөөр эмчлэх, зөгийн аж ахуйд хэрэглэж буй технологи, чанарын асуудал, орон нутгийн хөгжил дэх хувь нэмэр зэрэг сэдвээр дугуй ширээний ярилцлага, симпозиум зохион байгуулж  бүлгээр ярилцаж санал солилцов.

 

Зөгийн аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид, судлгааны байгууллагууд, аж ахуй эрхлэгчид, үйлдвэрлэлийн төлөөлөгчид нэгэн дор хуран цуглаж хамтдаа ажиллах боломжуудаа нээсэн нь ихээхэн ач холбогдолтой боллоо. Зөгийн аж ахуйн хөгжил нь хүн төрөлхтний түүхтэй салшгүй холбоотой хөгжиж ирсэн билээ.

 

“APIMONDIA”  нь зөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн холбоо юм. Тус холбооны зорилго нь зөгийчдийг мэдлэг туршлагаа хуваалцах, мэдээлэл солилцох боломжоор хангахад оршдог. Одоо тус холбоонд 93 жинхэнэ гишүүн байгууллага, 19 ажиглагч байгууллага нэгдэн ажиллаж байна.

 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Баяр хүргэе.Зөгийчдөдөө
2015-10-02