Боловсролын салбарын засварт 7.7 тэрбум төгрөг шаардлагатай
2015-10-02

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл хийв.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: "Монгол Улсын Засгийн газраас 2015-2016 онб өвөлжилтийн бэлтгэлийг хангах явцын талаар та бүхэнд танилцуулж байна.

 

Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж, хур тунадасны хуваарилалт өөрчлөгдөн, гэнэтийн хүчтэй аадар бороо, хуй салхины давтамж нэмэгдэн, манай улсын олон жилийн цаг агаарын хандлагаас харахад бичин жил хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн өвөлжинд хүндрэл учруулж байсныг харгалзан Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэлийг хангахад онцгой анхаарч байна.

 

Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан төлөв байдлын мэдээллээр энэ намар, өвлийн эхний сарын цаг агаарын байдал тогтворгүй, ялангуяа 12 дугаар сард нутгийн ихэнх хэсэгт олон жилийн дундажаас ахиу цас орох төлөвтэй байна.

 

Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэлийг хангаж байна. Их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын гурван үндсэн чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ оны 9 дүгээр сарын 20-ны байдлаар үндсэн тоноглолын их засварын гүйцэтгэл 90 хувьтай байна. Төвийн бүсийн эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудын хэмжээгээр энэ 9 дүгээр сарын 20-ны байдлаар 60 хувьтай байна. ДЦС-уудын гадна талбайн нүүрсний нөөцийн хэмжээ 296.5 мянган тонн буюу өвлийн их ачааллаар зарцуулах хоногоор тооцвол 11.7 хоногийн нөөцийг бэлтгээд байна. 9 дүгээр сарын 20-ны байдлаар Улаанбаатар хотын нийт хэрэглэгчдийн 88 хувийг, Дархан, Эрдэнэт хотыг 100 хувь, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган, Сүхбаатар, Төв аймгийн хэрэглэгчдийн 80 хувийг дулаанаар хангаад байна.

 

Засгийн газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвч, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгч, одоогийн байдлаар 10.5 мянган тонн өвс,  1.2 мянган тонн тэжээл бэлтгэж, хадлангийн бэлтгэл 65.9 хувьтай, тэжээлийн бэлтгэл 63 хувийн гүйцэтгэлтэй байна. Говьсүмбэр, Орхон, Өмнөговь аймгууд сайн бэлтгэсэн. Бусад аймгууд татан авалтаа хийж дуусаагүй байна.

 

Энэ жил махны экспортыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Манай улс 28.5 мянган тонн мах экспортлох боломжтой гэсэн тооцоог гарган ажиллаж байна.

 

Энэ 9 дүгээр сарын 30-ны байдлаар 110.4 мянган га-гаас 83.8 мянган тонн тариа хурааж, ургац хураалтын явц 33.8 хувьтай, хүнсний ногооны хураалт 68.1 хувьтай үргэлжилж байна. Ургац хураалтын явц 10 дугаар сард багтаж дуусах төлөвтэй байна. Ургац хураалтын дүнг үндэслэн 100 мянган тонн буудай, 20 хүртэлх мянган тонн үрийн улаанбуудайн нөөц бүрдүүлэхэд шаардагдах 80 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Импортоор авах хүнсний болон үрийн буудайг гадаад талдаа нэг цонхны бодлогоор хэрэгжүүлэх, дотоод талдаа ТЭДС, гурил үйлдвэрлэгчдийн хамтарсан хэлэлцээрээр хэрэгжүүлэх гэж байна.

 

Эрүүл мэндийн салбарт өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай байна. Алслагдсан нутгийн иргэдэд хүргэх эмнэлгийн тусламжийн эм бэлдмэлийг 100 хувь хангаж, Улаанбаатар хотын 9 эрүүл мэндийн байгууллага, 18 аймагт нийт 47 түргэн тусламжийн машиныг олгох ажил ханган нийлүүлэлтийн явцдаа явагдаж байна.

 

Боловсролын салбарын их засвар 96.5 хувийн хэрэгжилттэй, тоног төхөөрөмжийн хөрөнгө оурулалтын гүйцэтгэл 99 хувьтай байна. Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хийх шаардлагатай 52 сургууль, 40 цэцэрлэг, 8 дотуур байр, 15 соёлын салбарын байгууллага, 2 спорт заал байна. Эдгээр обьектын засварын ажилд 7.7 тэрбум төгрөг шаардагдаж байна.

 

Монгол Улсын Засгийн газар 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг улам эрчимжүүлж, цаг хугацаанд нь бэлтгэлээ бүрэн хангахыг чармайн ажиллаж байна" гэсэн мэдээллийг хийлээ.

 

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хариу мэдээлэл хийв. Одоо МАН-ын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүдээс хариулт авч байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин