Ч.Сайханбилэг: Мөнгө хэцүү байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өвөлжилтийн талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Ард түмэн яаж өвөлжих бол. Ирэх оны өнгийг өмнөх жилийн үүднээс нь хардаг. Газар тариалан иймэрхүү нөхцөлд байгаа үед мал яаж өвөлжих вэ? Өвс тэжээлийг бэлтгэж чадахгүй байна. “Нэг тэрбум ам.долларын үнэтэй мах гаргана” гэсэн хэзээ вэ гэж малчид асуугаад байна. Энэ нь малын тоо, үнэ ханштай харьцуулахаар нийт малын 40-50 хувь нь болоод байгаа гэнэ. Хотын агаарын бохирдол эрс буурахгүй бол Ерөнхий сайд огцрох ёстой гэж манай гишүүд ярьдаг байсан.
ХХАА-н сайд Р.Бурмаа:
-БНХАУ руу нэг тэрбум ам.долларын мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэсэн. Бидний хувьд бэлтгэл хангагдаагүй байна. Мөн ОХУ, Вьетнам улс руу мах экспортлохоор ярьж байна. Зүүн бүс нутгуудад малын шүлхий гарснаас болоод мах экспортлох боломжгүй. Гэхдээ хүчин чадал дээрээ тулгуурлаад 128 мянган тонн мах экспортлох боломжтой гэсэн тоог гаргаж ирсэн. Ургацын дүн мэдээ гараагүй байна. Нийт хэрэглээний 58 хувийг авна. Усжуулалтыг дэмжих үүднээс тариалан эрхэлж байгаа иргэдийн усны төлбөрийг чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж байна. Хүнсний улаанбуудайг гурилын үйлдвэрүүд худалдан авахад анхаарна. Үнэ тогтворжуулах зээлийн төлөлтийг нэг жилээр сунгаж байгаа.
Эрчим хүчний сайд Д.Зоригт:
-Дулааны станц барих явц санхүүжилт дутагдалтайгаас хойшилсон. Гаднын зээл тусламжид хамруулах эсэх талаар асууж байна.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг:
-Улаанбаатар хотын хувьд Сонгинохайрхан дүүргийн орчимд утаа багасах болов уу гэж харж байна. 2014 оноос 2015 онд 16 хувиар утаа багассан дүнтэй байна. Ирэх онд энэ хувиас бууруулахгүйн төлөө ажиллаж байгаа. Нийслэл Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай байна. Амьдралын төвшингөөр нь өвөжилтийн бэлтгэл хийх талаар яриад байгаа. Би сайн ойлгохгүй л байна. Манай цахилгаан түгээх станц бэлтгэл ажлаа 90 хувьтай хийж байна. Алслагдсан дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувьтай байгаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:
-Энэ жил та бид хоёр Монголоос гарч яваагүй. 38 жил тариалангийн талбайд явсан тариалан “энэ бол ган биш гачиг” гэж тайлбарласан. Ургац алдахад дараагийн арга хэмжээг авахаас өөр арга байхгүй. Бидэнд үнэхээр мөнгө хэцүү байна. Зохион байгуулалтын ажлаа хийгээд явъя гэж байна. Сүүлийн 25 жил хийгдээгүй цахилгаан станцын хөрөнгө оруулалт хийгдсэн. Бид эрчим хүчний үнэд бодлогын зохицуулалт хийхгүй бол эдийн засаг, хэрэглээ өссөн. Бид асуудлыг муугаар л бодож тооцож, бэлтгэж байна.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
-Хадлан 35, тэжээл 20 хувьтай байна гэж С.Баярцогт бичиг ирүүлсэн. Та энэ бүхнийг 60-65 хувийн явцтай байна гэсэн. Сарын 16 мянган төгрөгийн лимиттэй Засаг дарга яаж орон нутагтаа явж байх вэ? Шилэн дансны мэдээлэл иргэдийг бухимдуулж байна. Сумын Засаг дарга сарын 16 мянган төгрөгийн лимиттэй малчдаараа явж чадахгүй байхад төрийн байгууллагууд өчнөөн сая төгрөгөөр гадаадын хотуудаар зугаалж, хос гэр, мөнгөн аяга авсан байх жишээтэй. Малд нь өвчин гараад сум руугаа утасдахад вакциныг ирээд ав гэсэн хариу хэлж байна. Төрийн ажлыг авсан бол гоншигнохгүй хийж сур.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:
-Би учирлаж ярьж байна. 9.5 сая төгрөгийн мөнгөн аяга биш байх. Алтан аяга байж таарна. Би тийм зүйл аваагүй, авах ажлыг ч зохион байгуулаагүй. Төсвийн тодотгол хэлэлцэж байхад дандаа тана, хас гэдэг эрүүл зүйл тавьдаг. Гэтэл төсвөө танахаар яагаад урсгал зардлаа таначихав гээд байна. Одоо бид эхлээгүй байгаа хөрөнгө оруулалт, сургалт, зөвлөгөөн, гадаад дотоод томилолтыг зогсоож байгаа. Энэ чиглэлээр ирэх долоогоос хэлэлцэнэ.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч дууссанаар чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ