Та зуслангийн байшингаа цоожилсон уу?
Цагдаагийн байгууллагад өнгөрөгч амралтын өдрүүдэд хулгайлах 71, танхайрах 28, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36 нийт 184 гэмт хэрэг бүртгэгджээ. Түүнээс 125 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна.
Иргэн О-ын Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд орших зуслангийн байшингаас эд зүйл хулгайд алдагдсан хэрэг гарчээ. Уг хэргийг СБД-ийн 15 дугаар хороонд оршин суух хаягтай 16 настай, эрэгтэй Т үйлдсэн байна.
Зуны улирал дуусаж, иргэд зуслангаасаа хотын гэртээ ирчихсэн энэ үед зуслангийн байшингаас хулгай хийх гэмт хэрэг гардаг. Иймд зусалнгийн байшингийнхаа дохиолол хамгаалалтыг сайжруулах, тэр хавийн байнгын оршин суугчдад захих зэргээр гэмт этгээдийн халдлагаас өөрийн өмч хөрөнгөө хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Цагдаагийн алба хаагчид энэ төрлийн иргэдийн өмчлөх эрхийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.
Мөн БЗД-ийн 5 дугаар хороо “Ш...” нэртэй үсчний өрөөнөөс эд зүйл алдагдлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус үсчний газартай ажилтай О-ийн цүнхнээс 300 мянган төгрөг, хадгаламжийн дэвтэр зэрэг эд зүйлийг “Мянган оюутны байр”-нд оршин суух хаягтай 17 настай Б гэгч хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ.
Мөн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Мөнгөн завьяа”-ийн автобусны буудлын орчимд эмэгтэй Т-ийн цүнхнээс 320 мянган төгрөг, бусад бичиг баримттай хэтэвчийг Дорнод аймгийн Чойбалсан хотын харьяат 19 настай А хулгайлсныг илрүүлэн ЧД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
Хулгайн гэмт хэрэг буурахгүй байгаа тул иргэд өөрийн өмч хөрөнгөдөө тавих анхаарлаа сайжруулж, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ