Оросуудыг гол дайснаа гэж зарлажээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 14.45 цагийн орчимд Сирийн Латика хотноо байрлах Оросын цэргийн бааз руу гал нээсэн тухай “www.newsru.com” мэдээллээ. Цэргийн баазын хамгаалалт сайн байсан учир хэт даврагчид зорилгоо биелүүлж чадалгүй, ухарсан болохыг Москвагийн талаас мэдээлэв.
Сонирхолтой нь хэт даврагчид Оросуудыг гол дайснаа хэмээн мэдэгдэж нэг орос цэргийн толгойг 21.2 мянган ам.доллароор үнэлж, амьдаар нь барьсан тохиолдолд их хэмжээний шан харамж өгөхөө дайчиддаа амласан аж.
“Халифын вант улс” бүлэглэлээс гадна олон жилийн өмнөөс Сирид хяналтаа тогтоохыг санаархаж байсан “Аль Кайди” бүлэглэлийн удирдлагууд хүртэл орос цэргүүдийн толгойг мөнгөөр үнэлжээ.
“Ийнхүү оросуудын хувьд Ойрхи Дорнод хэтэрхий аюултай боллоо” хэмээн “TASS” агентлаг уламжлав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сиричүүдэд туслахаар шийдвэрлэж, өнгөрсөн сарын 30-наас эхлэн хэт даврагчдад цохилт өгч эхэлсэн. Оросууд ганцхан долоо хоногийн дотор хэт даврагчдын гол, гол хуаранг устгажээ.
Путин өчигдөр цэргийн ажиллагаагаа эрчимжүүлэхийг Батлан хамгаалах сайд Сергей Шойгуд үүрэгдсэн байна. Энэ хугацаанд Орос хэт даврагчдад 205 удаа цохилт өгчээ. Харин АНУ-ын тал Оросыг хэт даврагчид бус Ассадын дэглэмийг унагаахын төлөө тэмцэж буй сөрөг хүчнийхэнд цохилт өгч байгаа хэмээн буруутгасаар байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ