Иргэдийн бүртгэлийг мэдээллийн санд оруулна

img

Шинэчлэн баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнгөрөгч есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, явган зорчигч гээд хэн бүхний хариуцлага нэмэгдсэн. Хуулийн хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Одбаяртай ярилцлаа.

 

-Хууль хэрэгжээд нэг сар гаруйн хугацаа өнгөрлөө. Хуулийн хэрэгжилт ямархуу байна вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт маш сайн байгаа. Яагаад ингэж хэлж байна гэхээр бид тодорхой тоо баримт гаргасан. Хууль хэрэгжиж эхэлсэн буюу энэ есдүгээр сарын тоо баримтыг өнгөрөгч оны мөн үетэй харьцуулсан юм. Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирсэн дуудлага 17.7 хувиар буурсан. Нийт бүртгэгддэг зам тээврийн осол хэрэг 26.5 хувиар, эд материалын хохиролтой осол 26.2 хувиар, хүн гэмтсэн осол хэрэг 28.8 хувиар тус тус буурсан. Эндээс шинэ хуулийн үр дүн, өгөөж харагдаж байгаа юм. Жолооч нарын нийтлэг гаргадаг зөрчлийн нэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь харьцангуй багассан. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хоногт дунджаар 80-100 жолооч, нэгдсэн шалгалт хийвэл 300-400 жолооч журамлагддаг байсан. Зөвхөн нэг сарын хугацаанд 2500 жолооч журамлагдаж байсан бол энэ тоо 40.2 хувиар буурсан. Үүний ард хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө гээд олон зүйлийг хамгаалж байна. Гэхдээ хуулийн хэрэгжилт сайн байгаа ч манай жолооч нар бүр илүү хууль, дүрмээ мөрдөх хэрэгтэй байна.

 

-Харин хяналт султай газруудад хуулийн хэрэгжилт ямар байгаа бол?

-Цагдаагийн алба хаагчийн хяналт төдийлөн байдаггүй газруудад зөрчил арилахгүй байна. Хотын захын хороолол гэх мэт. Энэ дээр манайхаас нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

 

-Уг нь хуульд 10 хүртэл насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр зорчуулахгүй байхаар заасан. Гэтэл хүүхэд осолд өртөх осол хэрэг буурахгүй байгаа нь ажиглагдаж байна.

-Хуулинд өөрийн чинь хэлснээр заачихсан байгаа. Гэсэн хэдий ч эцэг, эхчүүд ажил төрлөөсөө шалтгаалдаг юмуу эсвэл хайрамжгүй байдлаас нь ч болдог юм уу бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь буурахгүй байна. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгдөггүй, дэлгүүр хоршоо руу гарынхаа үзүүрт зардгаас болоод хүүхэд осолд орох тохиолдол гардаг. Энэ төрлийн ослоос урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор цагдаагийн байгууллагаас Хүүхдийн төлөө газар зэрэг байгууллагатай хамтарч ажиллаж байна.

 

-Хууль хэрэгжиж, жолооч нар хамгаалалтын бүсээ зүүдэг болсноос хойш зам тээврийн осолд өртөх нь илт багасчээ. Танай МШУТ-ийн мэдээллээс харахад. 

-Зам тээврийн осол, хэргийн улмаас 198 хүн бэртэж гэмтсний 9 нь жолооч байсан гэсэн тоо баримт байна. Уг нь хууль хэрэгжиж эхлэхээс ч өмнө жолоочийн үүрэгт хамгаалалтын бүсээ хэрэглэх ёстой, бүс зүүгээгүй зорчигч тээвэрлэхгүй байх заалттай байсан. Үүнийг хэрэгжүүлдэггүй байсан.  Гэхдээ хуулийн хамгийн сайн хэрэгжиж байгаа заалтын нэг бол энэ. Нэг дутагдалтай тал нь жолооч, урд суудлын зорчигч хоёр бүсээ зүүгээд, арын зорчигч хамгаалалтын бүс зүүхгүй байна. Үүнд замын цагдаагийн алба хаагчид хяналт, шаардлага тавиад ажиллаж байгаа.

 

-Согтууруулах ундаа хэрэглэчихээд тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил багасаж байна уу. Хуулиар тэдний хариуцлагыг өндөржүүлсэн шүү дээ.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг эрхийг хасаад өнгөрдөг ганцхан орон манайх байсан гэхэд хилсдэхгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахын тулд олон жилийн судалгаа хийсэн. Бусад улс оронд энэ төрлийн зөрчил гаргасан жолоочид хүлээлгэх хариуцлага маш өндөр байдаг. Жолоочийн согтуурлын зэргийг шалгаад гарсан хувиар нь үржүүлж торгох арга хэмжээ тооцдог  орон хүртэл бий. Бусад оронтой харьцуулахад манай торгуулийн санкц тийм өндөр биш юм билээ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойших 24-25 хоногийн хугацаанд хэрэгжилт маш сайн байсан. Согтуугаар жолоо барих зөрчил цөөхөн байсан гэсэн үг. Харин сүүлийн хэдэн өдөр билэгт сайн өдрүүдэд тохиож, энэ зөрчил нэмэгдэх нь ажиглагдсан. Гэхдээ цагдаагийн алба хаагчид нэгдсэн болон хэсэгчилсэн шалгалт гаргаж зөрчил дутагдлыг арилгуулж, шаардлага тавьж ажилласнаар болзошгүй осол, аваараас сэргийлж чадсан.

 

-Жолооч торгуулиа хэд хоногийн хугацаанд төлөх ёстой юм бэ?

-Замын цагдаагийн газар бэлэн бус торгуулийн системд шилжээд гурван жил болж байна. Бэлэн бус торгуулийн журамд зааснаар жолооч торгуулийн хуудас авсан бол 14 хоногийн дотор төлөх ёстой. Сайн дураараа. Үүнээс хэтэрвэл харьяа дүүргийн шүүхээс албадан гаргуулах арга хэмжээг авах хүртэл хуульд заасан байдаг. Торгуулиа тушаахдаа торгуулийн хуудас дээр байгаа бар кодоо сайн бичих хэрэгтэй.

 

-Харин явган зорчигч гарцгvй газраар зам хєндлєн гарах зэргийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Замын хөдөлгөөний аюулгvй байдлын хуульд зааснаар явган зорчигч дүрэм зөрчсөн тохиолдолд арга хэмжээ тооцно, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувь буюу 48 мянган төгрөг гээд заачихсан. Энэ дагуу бид хариуцлага тооцохоос аргагүй. Яагаад гэвэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль гэдэг нь Монгол Улсын хэмжээнд бүх нийтээрээ дагаж мөрдөх хууль. Энэ чинь торгохдоо бус өөрийг нь аюул, осол, эрсдэлд орохоос нь урьдчилан сэргийлж, таслан зогсоохын тулд шvv дээ. Мэдээж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудал бий.

Гэхдээ үүнийг давж байж үр дүнг нь хардаг. Угаасаа энэ заалт огт байгаагүй ч юм биш. Өмнөх хуулиудад ч байсан. Явган зорчигчийг торгох гэхээр нөгөө хүн нь буруу ойлголттой учраас “чи намайг биш, цаад жолоочоо торго” гэх байдлаар хандах үе байсан. Түүнчлэн явган зорчигчийг торгох гэхээр “надад бэлэн мөнгө байхгүй” гэдэг. Овог нэрийг нь асуухаар иргэний үнэмлэх нь байдаггvй, хэн гэдгийг нь тогтооход хvндрэлтэй байсан. Одоо бол Замын цагдаагийн газраас олон талт арга хэмжээ хэрэгжүүлж, олон нийтийн болон хэв журмын цагдаагийн алба хаагчдыг гудамж, замд үүрэг гүйцэтгүүлэхээр байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тэгэхгvй бол уулзвар бүрт цагдаагийн алба хаагч биет зохицуулалт хийгээд ажиллах гэхээр явган зорчигчоо яах вэ гэх мэт хvндрэл гарна.

-Явган зорчигчийн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг хийж байгаа юу?

-Жолооч нарын мэдээллийн санг шалгах төхөөрөмжид холбож оруулсан юм чинь дараагийн удаа бүх иргэний бүртгэлийг оруулахаар хариуцсан байгууллагатай нь хамтрахаар ярьж байгаа. Ингэснээр явган зорчигч дүрэм зөрчсөн тохиолдолд регистрийн дугаар, овог нэрээр  хайгаад тухайн иргэний бүх мэдээллийг зурагтай нь гаргаад ирэх боломж бүрдэнэ.

 

-Зөрчлийн оноог хэзээнээс тооцож эхлэх вэ?

-Бэлтгэл ажил хангагдсан удахгүй хэрэгжиж эхэлнэ. Судалгааны явцад гарч ирсэн сонирхолтой зүйлийн нэг бол энэ. Өндөр хөгжилтэй орнуудад ийм зарчим үйлчилдэг. Жолооч зөрчил гаргаж, оноо нь дууссан үед шалгалт өгөөд тэнцвэл дахиад үнэмлэхээ авдаг. Харин манайд нэг жолооч болсон бол яваад л байдаг. Үүнийг судлаад ийм систем бий болгож, нэг жолоочид 10 оноо өгье гэж шийдсэн. Ямар зөрчлөөс шалтгаалаад хэдэн оноо хасагдах вэ гэдгийг зааж өгсөн байгаа.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
духан дээр нь регистрийн дугаарыг нь шивчихээч
2015-10-09