Түвдийн асуудлаар уулзахыг хүсчээ

img

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламаас Америкийн “CNN” агентлагийн сэтгүүлч Кристиан Аманпур ярилцлага авчээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд Түвдийн асуудлаар БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзахыг хүсч буйгаа мэдэгдсэн байна.

 

Далай лам “Түвдүүд намайг өнөөг хүртэл удирдагчаа гэж бодсоор байгаа. Гэхдээ би түвдүүдийн хувьд оюун санааны удирдагч. Үнэнийг хэлэхэд, бурхны орон руу явахаасаа өмнө Түвдийн асуудлаар Бээжингийн удирдлагуудтай ярилцахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Энэ саналыг тэд хэзээ хүлээн авч, хоёр улсын төлөөлөл уулзах нь тодорхойгүй байгаа ч Си дарга руу уулзахыг хүссэн мессеж илгээсээр байх болно” гэж хэлжээ.

 

Сэтгүүлч түүнээс хойд дүрийн тухай асуухад “Мэдэхгүй юм. Энэ бол Бээжингийн удирдлагуудын хувьд хамгийн хэцүү асуудал. Тэд аль болох дараагийн шашны тэргүүн тодруулахгүй байхад анхаарлаа хандуулж буй. Үнэнийг хэлэхэд, би өөрөө ч мэдэхгүй байна. Учир нь миний бие, оюун ухаан байсаар байна” гэж хариулсан байна.

 

Далай лам Британи улсад 9 хоногийн хугацаатай шашны айлчлал хийсэн юм. Айлчлалынхаа үеэр Түвдийн асуудлаар тус улсын удирдлагуудтай уулзсан ч энэ асуудлаар сэтгүүлчдэд тайлбар хийхээс эрс татгалзсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ