Агентлагуудыг татаж буулгаж, ажилчдыг цомхотгоно

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Сангийн сайд Б.Болор “Сайдын цаг”-т оролцож, энэ оны төсвийн тодотгол, ирэх оны улын төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-2016 онд эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн, бодит байдалтай нийцүүлсэн, хэмнэлтийн горимд шилжсэн төсөв өргөн барьсан. Урсгал зардлууд болон бүтцийн өөрчлөлтүүдийг 2016 онд хийхээр оруулсан. Өнгөрсөн зургаан жилд улсын төсвийг байнга нэмж иржээ. 2016 оны төсвийг сонгуулийн жил гэж улстөржилгүй, таналт, хэмнэлт орсон төсвийг УИХ баталж гаргаасай гэж хүсч байна. 2015 оны төсвийн тодтголын хувьд МУ-ын төсвийн орлого энэ оны гүйцэтгэлээр 900 орчим тэрбум төгрөгийн алдагдалд хүрэх нөхцөл байдал үүссэн байгаа учраас төсвийн тодотголыг зайлшгүй хийх ёстой гэлээ. Сангийн сайд Б.Болор мэдээлэл хийснийхээ дараа  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Ирэх жилийн төсөвт зэсийн үнэ ханшийг хэрхэн тооцоолж тусгасан бол. Томоохон ордуудын төслийг урагшлуулах болов уу?

 

-Төсвийн орлогын хувьд 2015 оны төсвийн орлогыг 7,1 их наядаар төсөвлөж орж ирж байсан. Энэ жилийн хувьд 6,9-тэй оруулж ирж байгаа. Орлогыг бодит хэмжээнд бууруулж орж ирсэн гэж үзэж байгаа. Учир нь бид олон жил зэсийн үнийг тооцоолж гаргадаг байсан энэ аргачлалаасаа татгалзсан байгаа. Олон улсын гаргасан прогнозоор зэсийн үнэ ирэх онд 6100-6600 ам.долларын хооронд байна гэсэн тооцоолол байна. Төсөв өргөн барихдаа оруулсан. Бид олон улсын Валютын сангийн гаргасан тооцооллоор нэлээн доогуур үнээ барьсан. Энэ бол доод хязгаар, дээшээ гарах бүрэн боломжтой. Оюутолгой, Тавантолгойн хувьд энэ төслүүд явах ёстой. Хамгийн гол нь зөв явах гэдэг асуудал байгаа. Өнгөрсөн жилийн хувьд энэ төслүүд маань урагшилсангүй. Ирэх жил Засгийн газрын мөрийн хөтөлбөр, зорилтод ч байгаа. Энэ төслүүдийг явуулья, уул уурхайгаа хөгжүүлэх бодол байгаа учраас энийг төсөвлөж орж ирж байгаа. Гэхдээ өнгөрсөн жилийнх нь өндөр төсөвлөөгүй.

 

-Бондын зээлэнд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах вэ?

 

-Монгол Улсын төсөв сүүлийн зургаа, долоон жил нэмэгдэж, данхайж ирсэн байна. Дандаа алдагдалтай төсөв баталж ирсэн байна. Ингээд явахад төсвийн алдагдлаа бонд гаргаж нөхдөг. Энэ хэмжээгээрээ их наядаар хэмжигдэх хөрөнгийн төсөв идсэн байна. Ингээд яваад байвал эдийн засаг улам хүндэрнэ. Тэгэхээр энэ төсвийг эрүүлжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Төсөв энэ хөрөнгийг идээд байна гэдэг нь хувийн хэвшил рүү орох хөрөнгөө идээд байна гэсэн үг. Энэ хэмжээгээрээ мөнгөний бодлогод нөлөөлдөг. Бид төсвөө танаад, эрүүл болгоод үр нөлөөллөөр нь хувийн хэвшлээ дэмжээд чөлөөт зах зээлийн эдийн засаг руугаа орно.

 

-2016 онд зарим байгууллагуудыг нэгтгэнэ, татан буулгана гэсэн. Хичнээн төрийн албан хаагчийн ажлын байрны асуудал яригдах вэ?

 

-Өнөөдөр Монгол Улс 180 мянган төрийн албан хаагчтай. Аль ч улсын төрийн албан хаагчийг нийт хүн амдаа тооцохоор том тоо л доо. Нэгтгэж болох, ажлын давхардлыг арилгах агентлагуудыг нэгтгэж, мөн татан буулгаад эрх үүрэг нь яамандаа шилжиж болох агентлагуудыг татан буулгаж байгаа. Мөн сангуудыг тодорхой хэмжээнд бууруулна. Тухайлбал Гааль, татвар хоёрыг нийлүүлсэн байгаа. Зарим хүмүүс болохгүй гэж ярьж байгаа боловч дэлхийн олон улс оронд орлого бүрдүүлэгч агентлаг байдаг. Тиймээс Гааль татвар хоёр нэгдээд ажлаад явах бүрэн болмжтой гэж үзсэн.

 

-Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулна гэсэн. 2016 онд цалин нэмэх үү?

 

-Төсвөө батлахдаа аль ч улс ирэх жил цалин нэмнэ гэж ярьдаггүй. Цалин нэмнэ гэдэг бол төрийн албан хаагчдын цалинг нэмдэг. Эдийн засгийн мундаг өсөлт гэж яриад байгаа үед зэсийн үнэ, нүүрсний үнэ ямар байсан. Одооныхоос хоёр, гурав дахин их үнэтэй байсан. Үүний үр дүнд их хэмжээний мөнгө орж ирсэн. Ямар ч үр ашиггүй зарцуулсан. Энэ асуудал дээр улс төрчдийг битгий улстөржөөсэй л гэж уриалах байна. Улс орнууд эдийн засгийн хүндрэлтэй үедээ уриалга гаргаж байна. Жишээ нь Финляндын Ерөнхий сайд амралтын мөнгө, 13 дахь сарын цалингаасаа татгалзъя гээд төрийн албан хаагчдадаа уриалаад явж байна. Гэтэл манайх цалин нэм гээд популизм хийгээд байдаг. Цалин нэмэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг, ард иргэддээ, хувийн хэвшлийнхэндээ хүндээр тусдаг. Эдийн засаг сайжраад орлогоо тооцсон, энэ нэмэгдвэл цалинг нэмээд явж болно. Урьдчилсан байдлаар ингээд зарлаад явах нь эдийн засгийн утгаараа зөв биш.

 

-Гадаад зээлийн бондын өрөнд хэдийг төлөх вэ. Ирэх онд 3 их наяд төгрөг төлнө гэдэг үнэн үү?

 

-Бүтээн байгуулалтын хувьд төсвөөс  2016 онд 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкин дээр 450 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ. Энэ хэмжээний бүтээн байгуулалт хийснээр хувийн хэвшлээ ажилтай байлгах, хувийн хэвшил рүүгээ хөрөнгө оруулах боломжийг эрэлхийлж байна. Бондын хувьд хуваарийн дагуу хийгээд явах боломжтой. Хамгийн гол нь төсвөө эрүүлжүүлэх ёстой. Үр нөлөө нь 2017 онд гарна. 2017 онд төсвийг алдагдалгүй батлах чиг барьж байгаа, ингэж төсвөө эрүүлжүүлэх зорилго тавьж байна.

 

Монголын төр барилгын компани шиг ажиллаж ирсэн

 

-Агентлагуудыг татан буулгаснаар хэдий хэмжээний хөрөнгө хэмнэх юм бэ?

 

-Төсвийн алдагдлын хувьд 900 орчим тэрбум төгрөг хүрэх тооцоо гарсан. Гэхдээ оны сүүлээр татварын орлого бүрддэг. Энэ тохиолдолд байдал сайжирч мэдэх учраас хүлээлттэй байна. Алдагдлыг өөр эх үүсвэрээс нөхөхгүй, гол нь зардлуудаа танана. Хэмнэлтийн горимд шилжинэ, зайлшгүй хөрөнгө оруулалт хийнэ. Тэвчиж болох зардлыг тэвчээд явна. Цалин, тэтгэврээ өгдгөөр нь өгөөд явна.

 

Агентлагийг нийлүүлж, татан буулгаснаар 2016 оны үр нөлөө бага. Гэхдээ бид энэ бүтцээрээ төсвөө хийгээд өргөн барьсан бол зарлага 8.6 их наяд болохоор байсан. Бид 7 их наяд руу оруулж ирсэн. Дараа жил нь 2017 онд дахиад нэмээд 700 гаруй тэрбум төгрөг хэмнэгдэнэ. 2016 онд сонгууль болно гэж байгаа ч эрүүлжүүлэх ажлыг зайлшгүй хийх шаардлагатай.

 

2012, 2008 оны сонгуулийн жилийн төсвийг эргээд харахаар 40-50 хувь нь зардал нь нэмэгдэж орж ирсэн байдаг юм билээ. Ингэж оруулж ирснээр үр нөлөө нь өнөөдрийг хүртэл явж байна. Тухайн үеийн гишүүд төсвөө батлахдаа маш их обьектыг төсвийн хөрөнгөөр барина гэж тавиад тэр нь дуусдаггүй.

 

2008-2012 онд УИХ-ын гишүүний 1 тэрбум төгрөг гэж байсан. Зарим гишүүн 1 тэрбум төгрөгөө 10 обьект дээр 100 сая төгрөгөөр тавьчихсан. Шав тавих, суурь тавих зэргээр 10 газар ажил эхлүүлчихсэн байх зэрэг эрүүл бус үзэгдэл байсан учраас ирэх жил сонгуулийн жил гэж туйлшрахгүйгээр төсвөө батлуулахыг зорьж байна.

 

-Инфляци хэд байх бол?

 

-Инфляци энэ жил 6 хувьтай байгаа. Тухайн үеийн супер цикл гэж ярьдаг, манай зарим улс төрийн хүчин 17 хувийн өсөлттэй байсан, эдийн засгийг 6-7 хувь болголоо гэж ярьдаг. Тэр үед “Оюутолгой”-н гэрээ зурагдсаны үр нөлөө, дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байсан. Энэ үед буруу бодлого барьж байсан учраас инфляци өндөр хоёр оронтой тоонд байсан. Тийм учраас инфляцийг нэг оронтой тоонд барьж байгаа үедээ төсвөө эрүүлжүүлэх юм бол зээлжих зэрэглэлээс эхлээд дээшлээд мөнгөний хатуу бодлогодоо нөлөөлж, банкууд хувийн хэвшилдээ зээл олгодог болно.

 

-Ямар зардлаа царцааж,  танах вэ?

 

-Урсгал зардал дээр нэлээн том таналт хийж байна. Цахилгаан, эрүүл мэнд, боловсролын салбар руу таналт хийхгүй байх тал дээр ажиллаж байна. Өнгөрсөн жил бид Хөгжлийн банкин дээр 790 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан байсан. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэлээрээ 300 орчим тэрбум төгрөг гарсан. Хүйтний улирал эхэлж байгаа учраас энэ жил барилгын ажил нь эхлэх боломжгүй, 2016 онд шилжүүлнэ. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд дээр ч мөн адил эхлээгүй ажил нэлээн байна. Тендэр нь зарлагдаагүй, гэрээ нь хийгдээгүй. Ийм ажлыг царцаагаад ирэх жил рүү шилжүүлэх арга хэмжээ авч байгаа.

 

-Орлогыг 6.9 их наядаар төсөвлөжээ. Хэр бодитой тоо бол?

 

-6.9 их наяд гэдэг их бодитой тоо. Бид томоохон төслүүдээ явуулна гэж үзэж байгаа. Явуулна гэдэгтээ ард иргэд, улс төрчид санал нэг байгаа. Хамгийн гол нь яаж улс орондоо ашигтай байдлаар шийдэх вэ. Энэний төлөө Засгийн газар ажиллаж байна.

 

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дээр олон улсын судалгааны байгууллагаас гаргаж байгаа үнийг аваад аль болох багаар тооцож байна. Нэмэгдэх бүрэн боломжтой.  Өмч хувьчлалууд явагдана. Жишээ нь Гааль болон Татварын байгууллагууд нэгдэж байна. Тус хоёр байгууллага нь хоёулаа 10 давхар байшинд тус, тус байдаг. Хэрвээ нэгдвэл цаана нь нэг байшин гарч ирнэ. Түүнээс урсгал, зардал, халаалт, цахилгаан хэмнэгдэнэ. Үүнийг бид зарж, борлуулъя гэж байгаа юм. Сүүлийн 6-7 жилд Монголын төр барилгын компани шиг ажиллаж ирсэн байна. Татварын хэлтэс, нийгмийн даатгал бүхэн байшинтай. Аймгуудад Хөдөлмөрийн хэлтэс бүр байшинтай байгаа. Мөн дүүргүүдийн ЗДТГ-ыг хар. Дэлхий дээр хаана ч ийм 10 хол давсан давхартай байшинд үйл ажиллагаагаа явуулдаг дүүрэг гэж байхгүй. Энэ их тансаглалыг зогсооё гэж байгаа юм. Мөн унааны зардал, жолооч нарын орон тоог хасна. Агентлагийн дарга, дэд сайд нарыг хасчихаар жолооч болон машин байхгүй болно. Энэ машинуудыг хувьчилна. Засгийн газрын авто бааз дэлхий дээр хаана ч байхгүй. Түрээсээр л ажилладаг. Зах зээлийнхээ зарчмаар явах ёстой. Орлогыг нилээн бодитой гаргасан 6.9 их наяд  гэж тооцсон.  Өнөөдөр Сангийн яам Засгийн газар энэ тоонд хүргэх бүрэн боломжтой.

 

Цомхотгол орсон хүмүүсийг дахин сургалтад хамруулна

 

-Орон сууцны 10 хувийн урьдчилгаанд баталгаа гаргах гэрээнд хэзээ гарын үсэг зурах вэ?

 

-Иргэдийнхээ төлөө хийх ёстой ажлуудын нэг нь энэ. Үүнд төр баталгаа гаргах зайлшгүй шаардлага гарч байгаа. Боломж, бололцоог нь судалж байна. Яг өнөөдрийн байдлаар шууд баталгаа гаргаад явахад асуудал байна. Үүнийг бид шийднэ. Аливаа ажил тооцоо судалгаатай байх ёстой. Орон сууцны урьдчилгааг шууд 10 хувь болгоно гэж шоудаад яваад байж болохгүй. Гэхдээ бид үүнийг ажил хэрэг болгохын тулд ажиллана.

 

-Дэд сайдын албан тушаал ирэх оны эхнээс байхгүй болно гэж ойлгож болох уу?

 

-Төсөв батлагдчихвал дэд сайдуудын албан тушаал байхгүй болно.

 

-Цомхотгож байгаа агентлагуудыг нэрлэх хэлэх боломж байна уу?

 

-Төсөв өргөн баригдсан. Хэлэлцүүлэг явахад бүх зүйл тодорхой болно. Бид 9 яамтай байх нь зүйтэй гэж төсөвлөсөн. Сонгуулийн дараа Засгийн газрын бүтцээр оролдоод байвал хэцүү. Ээлжит сонгууль ирэх зургадугаар сард болно. Тэр болтол 9 яамтай явбал зүгээр юм гэж бодож байна. Агентлагуудын хувьд Татвар, Гаалийн ерөнхий газар нэгдэж байна. Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Үндэсний статистикийн газар нэгдэж байна. Ийм өөрчлөлтүүд орж байна.

 

-Та нэгтгэнэ, цомхотгоно, танана гэж байгаа. Үүний үр дүнд олон ажилгүй болно. Тэр хүмүүсийг яах юм. Сөрөг үр дагаврыг нь яаж харж байгаа вэ?

 

-Яг хэдэн хүн цомхотголд өртөхийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Энэ Засгийн газрын журмаараа батлагдана. Бүтцийн асуудлыг дараа нь хэлэлцэнэ. Цомхотголд орсон хүмүүсийг дахин сургалтад хамруулах, хувийн хэвшил рүү оруулах боломжуудыг хайна. Мөн төсөв эрүүлжсэнээр хувийн хэвшил рүү урсах урсгалыг сайжруулна. Хүн бүр төр лүү зүтгээд байх боломж хэрэггүй.

 

-Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхгүй бас ажлаасаа халагдах юм байна. Тийм үү?

 

-Төсвөөр бол ийм өөрчлөлт орно. Цалингийн хувьд эдийн засгийн нөхцөл байдлаа харах хэрэгтэй. Эх орон ч хандах хэрэгтэй. Цалин нэмнэ гэхээр л бусад барааны үнэ өсдөг. Хувийн хэвшилд дарамт болдог. Тиймээс бид эдийн засаг сайжрахаар цалингийн асуудлыг үе шаттай нэмээд явна.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эрхэмээ:
Олсон орлогоо зөв зарцуулмаар байна. Ганцхан жишээ дурдахад УБ хот 1 жилд л 95 тэр бум төгрөг газарт булж цэцэг, ногоо тарьж хүний сэтгэлийг хуурч байна ш дээ. Тэгвэл энэ мөнгөөр100 ортой 80 орчим цэцэрлэгийн барилга барих боломж байна. Хотын бүх аж ахуйн нэгжид өөрсдийн орчиноо зүлэгжүүлж, цэцэгжүүлж, моджуулж тохижуулах үүрэг хүлээлгэх Хэрэв ингэж ажиллаж чадахгүй бол торгууль ноогдуулдаг, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг байх гэх мэтээр ажиллавал олсноо иргэдээ түр зуурын нүдэнд харагдаад өнгөрөх зүйлээр хуурах бусэнэ их мөнгөний нэлээд нь буруу гараар орж байгаа байх гэсэн хардах сэтгэл иргэд бидэнд байна иргэддээ энэ эх орондоо өгөөжтэй зүйлийг хиймээр байна
2015-10-07
Эрхэмээ:
Төрийн албан хаагчдын цалинг бууруулна багасагана гэдэг цаанаа маш их хор уршиг дагуулана шүү. Харин ч энэ их орон тоог багасгаж төрийн албан хаагчдын цалинг нэмж төрийн албыг хашсаны төлөө амьдралаа сайхан аваад явах боломжоор хангаж эх орон ард түмнийхээ төлөө л гэсэн тийм сэтгэлээр хандуулж ажиллуулах хэрэгтэй байна. Төрийн эрхэм түшээдээ Монголчууд аа бид нар чинь тэнгэр заяатай ухаалаг ард түмэн шүү Монгол орноо сайн сайхан авч явахын төлөө ухаан зарах цаг болсон шүү
2015-10-07
Эрхэмээ:
Одоо төрийн албан хаагчдын 1 хүний элбэгхэн хийсэх ажлыг барагцаагаар 10-аад хүн орон тоо бөглөн сууж байна. Төрийн албан хаагчдыг цомхотгох нь асар их ач холбогдолтой 1. Чадварлаг, тэрхүү ажлыг хийж чадах хүн л төрд ажиллана. 2. Авилга багасана. 3 Байр орон сууц, цалин унаа гээд асар их зардал хэмнэгдэнэ 4. Ерөөсөө төрийн хүнд суртал багасаж ард түмэн сэтгэл амар хөдөлмөрлөх боломж нээгдэнэ Төрийн энэ их мугуйдлал, дампуурал, ёс суртахууны доройтол талцал, буурна. арилана Монгол орон хөгжлийнхөө зөв зам руу орж богино хугацаанд хөгжих боломж нээгдэнэ.
2015-10-07
ИХДАЛ:
Нийслэлийн МХЕГ-ыг цомхотгож, дүүргүүдийн МХГазруудыг татан буулгаж, үүргийг нь ЗДТГ-хуучнаар нь шилжүүлэх, ШӨХТГ-аас Хэрэглэгчийн төлөөллөөр ажиллаж байгаа газрыг нь цомхотгож, үүргийг нь хуучнаар аймаг, нийслэлийн ЗДТГ, МУЗГ-ын ХЭГазарт хариуцуулах...
2015-10-07
Зочин:
Статистикын газар Бүртгэлийн газар хоёрыг нэгтгэх санал нь харин зохисгүй байна, бусдаар бол зөв л санал, санаачлага байна Худалдан авах ажиллагааны газар уг нь хэрэгтэй газар юм сан, даанч Төсөв захирагч нар өөр дээрээ тендерээ авч үлдэх сонирхолтой байдаг болохоор дэмжээд явуулчихаж магадгүй юм даа
2015-10-07
byambaa:
Hudlaa songuuliin show bna. Uneheer l tiim baisan bol zasag baiguulahdaa l ene zarchimaaraa ajillahgui yasan yum be ta nar
2015-10-07
зочин:
Сайд дарга нарынхаа тоог өшөө цөөрүүлэх хэрэгтэй, юм бол төсвийн хэдэн албан хаагчдаа цомхотгоно гэх юм, ард нь бас л амьдрал байгаа шүү дээ, сайн шүүж цомтхоорой доо
2015-10-07
tatbar tologch:
Zaluu hvn vneheer buzgai bn shvvv.zob demjij bn
2015-10-07
1245789:
Болор оо зөв. Залуу боловсролтой хүн шал өөр өнцгөөс харж ажлаа зоригтой хийж байна. Битгий шантраарай. Амжилт. Наад хөгшин банхарууд, популистууд чин яаж ч боргоож мэднэ шүү.
2015-10-07
Зочин:
Маш зөв дэмжиж байна. Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Авилгатай тэмцэх газар гэх мэт ажил үүрэг нь давхардсан агентлагуудыг татан буулгаж, зарим ТББ-уудад олгодог санхүүжилтийг зогсоох хэрэгтэй
2015-10-07
irgen:
hyn bur torluuu zutgeed bdagaa bolioo huviraa nogoo tariad amidar za yuuu shunaluuudaaaaaaaaaaaaa
2015-10-07
Duuliin heden jil baigaagui sain sangiin said bai:
Zorigtoi uhaantai sangiin saidad amjilt husye
2015-10-07