АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама америк нисгэгчдээс болж амиа алдсан Афганистаны Кундуз хотын иргэдээс уучлалт гуйсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Америкийн бөмбөгдөгч онгоцууд байршлаа андуурч, Кундуз хотноо байрлах олон улсын “Хил хязгааргүй эмч нар” байгууллагад цохилт өгсөн. Энэ бүхний хариуцлагыг Пентагон хүлээх болно. Энэ хэргийг шалгах комисс гарч, буруутанг тогтоох болно. Дахин эмгэнэл илэрхийлье” гэж хэлжээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест “Хохирогчдын гэр бүлд нөхөн төлбөр өгөх асуудлаар өнөөдөр албаныхан хуралдана” гэсэн байна. Харин “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын тэргүүн Жоанне Луи дургүйцлээ илэрхийлж “Бид энэхүү хэргийн үнэн зөвийг тогтоохын тулд олон улсын шүүхэд хандах болно” гэж хэлжээ.
Америкийн талаас Кундуз хотноо эмнэлэг барьж өгөхөө мэдэгдсэн ч иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулжээ. Мөн иргэд америк цэргүүдийг эх орныг нь орхин гарахыг шаардсан аж. Афганистанд Америкийн 5000 цэрэг байршиж, хэт даврагчдын эсрэг тулалдаж байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |