Бин Ладенийг устгасан цэргийг сүрдүүлжээ

“Аль Кайди” бүлэглэлийн тэргүүн Осама бин Ладенийг устгасан хэмээн өөрийгөө илчилсэн АНУ-ын явган цэрэг Роберт О’Нилийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид сүрдүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид олон нийтийн сүлжээгээр “Бин Ладенийг хөнөөж, америкчуудын баатар болсон тэр эр удахгүй амиа алдах болно” гэж мэдэгджээ.
Тус бүлэглэлд элссэн, Британийн иргэн Салли Анне Жонес гэгч өөрийн твиттер хуудсаараа дамжуулан О’Нилийн цахим хаягийг дэлгэхээс гадна гэрийн хаяг, утасны дугаар зэргийг нь нийтэлж, хэт даврагчдад тусламж үзүүлсэн байна. Энэхүү мэдээллийн дараа цэрэг твиттертээ “Би их санаа зовж байна. Ийм зүйл тохиолдохыг мэдэж байсан ч ийм хурдан гэж мэдсэнгүй. Амиа алдахаас айж байна. Тиймээс надад хамгаалалт хэрэгтэй байна. Надад туслаач” гэж жиргэжээ.
АНУ-ын цэргүүд 2011 оны тавдугаар сард Пакистаны Абботтабад хотод нуугдаж байсан Би Ладений байршлыг тогтоож, устгасан билээ. Цэрэг О’Нил, Бин Ладений өрөөнд нэвтэрч, улмаар түүний толгой руу буудаж, хөнөөсөн аж. Түүний цогцсыг далайд оршуулсан хэмээн О’Нил “NBS” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр дурдаж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ