Ц.Нямдорж: Засгийн түвшинд хариуцлага яригдана

“УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал тавьж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн дүгнэлтийг ҮХЦ гаргасан. Энэ дүгнэлтийг УИХ-ын гишүүд ҮХЦ Засгийн газраа УИХ хянах үйл ажиллагаанд халдаж байна гэж УИХ-аас ажлын хэсэг гаргаж шалгуулсан билээ. Уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед ажлын хэсгийнхний дүгнэлтийг сонсож, ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж дүгнэсэн. Засгийн газрын тогтоол, ҮХЦ-ийн шийдвэрийн талаар гаргасан дүгнэлтийн талаар ажлын хэсгийнхэн мэдээлэл хийлээ. Ц.Нямдорж гишүүний ахалсан энэ ажлын хэсэг Д.Ганбат, Г.Уянга нарын гишүүний бүрэлдэхүүнтэй. Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд Д.Ганбат гишүүн гарын үсэг зураагүй байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах эрхгүй” гэсэн гомдол ҮХЦ-д ирсэн байжээ. Харин Цэц иргэдийн гомдлын талаар өнгөрсөн 6 сард Засгаас тайлбар авуулахаар явуулахад Ерөнхий сайд 8 дугаар сард адил хариу өгсөн байж.
Харин ҮХЦ-ийн ойг тэмдэглэх хүрээнд 9 дүгээр сарын 7-нд яамдаас санал ирээгүй байхад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн 331 сая төгрөгийг Нөөцөөс гаргахаар шийдвэрлэсэн байна. Уг нь яамдаас санал ирсний дараагаар Засгийн газар хэлэлцдэг журамтай аж. Уг асуудлыг хэлэлцэх үед С.Баярцогт Сангийн сайдын үүрэг гүйцэтгэж байжээ. Дээрх шийдвэр гарах хугацаатай зэрэгцэн Засгийн газрын автобааз ҮХЦ-ын даргад 195 сая төгрөгөөр албан ажлын хэрэгцээнд “Lexus-570” машин авч өгчээ, ЗГХЭГ-аас урьдчилгаа 100 сая төгрөгийг баазаар төлүүлжээ.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү 9 дүгээр сарын 4-нд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан байжээ. Засгийн газраас нөөц хөрөнгө гаргах шийдвэр гарснаас хойш хоёр хоногийн дараа ҮХЦ дунд суудлын хуралдаанаараа УИХ-ын хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс ҮХЦ сонирхлын зөрчлийн үндсэн дээр дүгнэлт гаргасан, бусармаг үйлдэл хийсэн хүмүүст хариуцлага тооц гэж ажлын хэсэг дүгнэлт гаргасан байна. Энэ талаар гишүүн Ц.Нямдорж мэдээлж, “Бид байдлыг байгаагаар нь гаргалаа. Ажлын хэсэг О.Баасанхүү гишүүн орсон гэж ярьж байна. О.Баасанхүү гишүүн ажлын хэсэгт ороогүй, шалгалтын явцад түүнтэй уулзаагүй. Засгийн газрын зүгээс О.Баасанхүүтэй хамтарлаа гэсэн зүйл ярихыг оролдож байгаа. О.Баасанхүүтэй хамтраагүй гэдгийг онцолъё” гэлээ. УИХ-ын гишүүн Г.Уянга:
-Хууль зөрчиж Ерөнхий сайдаас тайлбар аваад, дүгнэлтээ гаргажээ. Мөнгө гаргах шийдвэр гараагүй байхад урьдчилан худалдан авалт хийсэн нь тохироо байсан байх магадлалтай. Үндсэн хуулийг сурталчлах, ном товхимол хэвэлж тараах зардалд 930 сая төгрөг төлөвлөсөн байгаа нь буруу юм. Харин судлаачдын судалгаанд энэ мөнгийг зарцуулахаар байсан бол өөр хэрэг. Засгийн газарт энэ асуудлыг нягтлалгүй, шууд хүлээн зөвшөөрсөн нь сонирхол төрүүлж байна. Сүүлийн үед институци хоорондын маргаан хүчтэй явагдаж, ҮХЦ татагдан оролцож байна. Системийн эвдрэл их байна. Тиймээс бид Үндсэн хуульдаа яаралтай өөрчлөлт хийх цаг болжээ гэв.
Тэд мэдээлэл хийснихээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Үндсэн хуулийн цэц Засгийн газрын талд шийдвэр гаргасан гэж та бүхэн ярьж байна. Тиймээс хариуцлагын асуудлыг ямар түвшинд тавих вэ?
-УИХ-ын чуулганаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж дууссаны дараа хариуцлагын асуудлыг эргэн ярих шаардлагатай гэдгийг УИХ-ын даргад хандан хэлсэн. Би энэ яг шалтгааны улмаас Ерөнхий сайдыг огцруулах бичиг гарын үсэг зурсан. Ийм үйлдэл хийж буй ЗГ цаашид байж болохгүй. Ийм зүйлийг хийдэг, өөгшүүлдэг биш таслан зогсоох гэж Засгийн газар байдаг юм. Энэ утгаараа Засгийн түвшинд хариуцлага гарцаагүй яригдах ёстой. Хоёрдугаарт, ийм бусармаг зүйл хийгээд явж байгаа Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн асуудлыг заавал ярих ёстой. Тодруулбал, санал болгосон гишүүдийн асуудлыг эргүүлэн татах ч юм уу. Дарга нь Засгийн газраас мөнгө гаргуулаад Засгийн газрын талд шийдвэр гаргуулаад, УИХ-аас гүйцэтгэх засаглалд хяналт тавих хуулийн боломжийг хясан боогдуулаад явж байхад юу бодож тэд нараар Үндсэн хуулийг мануулах вэ.? Ийм түвшинд асуудал яригдах ёстой. АТГ уг асуудлыг шалгах ёстой юм. УИХ-ын удирдлагууд үүнийгээ хийх юм байлгүй дээ. Би баримтыг нь гаргаж тавилаа. Энэ бол төр, хуулийнхны ялзрал дээд цэгт хүрсний илэрхийлэл. Ийм зүйлийг хийх нь байтугай бодох санаа ч толгойд нь орж ирэх ёсгүй. Хариуцлага тэр түвшинд явж байх ёстой. Ийм зүйл хийгээд явж байгаа хүмүүстэй ярих ч зүйл алга. Хэлэх ч үггүй байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ